2007/12/05

Саран Зэв / 12-15 бүлэг/

Зохиолч Т.МАНДИР
dayarmongol.com вэб хуудаснаас авав.

XII бүлэг
…. Гарынх нь хүлээс алдуурсанд гайхсандаа Шамдгай золтой л морио давирчихсангүй. Гэвч сүүлийн өдөр хагасын алдаа эндэгдэл нь даанч хэтэрсэн тул дахин болгоомжгүй алхам хийхээс айж, гараа тэрүүхэндээ хөдөлгөн чилээг нь гаргаж, юу болохыг хүлээв. Чихэнд нь танил хүнгэнэсэн дуу, тэгэхдээ энэ удаа тун намуухан хэлэх нь:
- Гараа урдаа ав гэнэ.
Шамдгай өдөржин, шөнөжин хүлээнд хөшсөн мөрөө болгоомжтой тэнийлгэн, гараа зугуухан өвдөг дээрээ тавив. Хуруунд нь хүйтэн төмөр хүрэхэд бараг зөн совингоороо тосон авбал .. саран зэв байх нь тэр. Дөнгөж л мэдээ орж буй хурууныхаа өндгөөр саран зэвний онгинд наалдсан үзмийг гайхан тэмтрээд Шамдгай баярлах, гомдохын алиныг мэдэхээ болив. Сүбээдэй баатрын хэлснээр яг л хоёр үзэм, тэгэхдээ тун ч анзаарамгүй наалдсан нь үл мэдэх хүнд бол салан палан хүний л хийсэн хэрэг шиг санагдахаар ажээ. Тэгээд энэ зэвний эзэн Бардай сэцэн гэж үү?
Мөн гэдгээ нотлох гэсэн мэт мэргид эр дахин налж, саран зэвээ шувт татан авах мөртөө:
- Алмайралгүй сонс. Хөлийнхөө хүлээг тайлах хэрэггүй. Орчин тойрноо сайн ажигла. Буруу талын урд ганзаганд чинь бугуйл бий. Илдийг дөрөөнд хавчууллаа. /үнэхээр зөв талынх нь хөл гөлөм завсраар овортой юм шургуулах мэдэгдэв. Бардай сэцэн тун адгуу түргэн шивнэнэ/ Чи намайг хамгаална. Абжай хатныг алдалгүй хар гээд гэнэт ойртсон шигээ холдов. Шамдгай өчүүхэн сэхээ орж, эргэн тойрноо харвал тэр бусдаас арай онцгойдуу тасарсан бололтой. Амгай шажигнан, гөлөм дэрхийхийг сонсвол мэргид цэрэг түр амсхийж буй бололтой. Хэдий олон цэрэг байгаа боловч чимээ шуугиан бага байх нь аргагүй л туршлагатай дайчид гэдгийг сануулна. Шамдгай юуны өмнө илдээ сэм авч, хормой дороо авчран дарж авлаа_ Зүүн гараараа тэмтэрвэл үнэхээр нарийн суран бугуйл ганзагаар даруулаастай байх ажгуу. Дүрвэд залууд энэ нь илдтэй нь тэнцэх хүчтэй зэвсэг юм. Шамдгай ганзагны зангилааг барьж, тайлах дөрийг нь мэдсэний дараа эмээл дээрээ цэгцэрч бараг гурван өдрийн дараа анх удаа уужуу амьсгаа авав.
Яг энэ мөчид фуу дэлбэрэх сүртэй чимээ шөнийн нам гүмийг цочоон дуурсав. Фуун дуутай уралдан эргэн тойронд гал маналзан үүрийн үнэгэн харанхуйг бараг өдөр шиг гэрэлтүүлээ. Мэргид дайчид яаран мориндоо мордож, олом жирмээ сулласан төдийгүй морьдоо амгайвчилж өвс хазуулсан хүмүүс бүр ч тэвдэж байгаа нь огцом огцом гялалзах галын нөлөөнд тодхон харагдана. Ямаршуухан газар ирээд байгаагаа баримжаалж чадаагүй хүмүүст энэ хөндий тун давчуу харагдсаны зэрэгцээ эргэн тойрны бүхий л өндрлөгт гал,дарь, шүү маналзах нь зайгүй бүслэгджээ гэсэн цэрэг хүний цээжинд байнга явдаг айдсыг сэдрээж улам улам хөөргөдөн дэвэргэнэ.
Шамдгайд энэ бүхнийг сонирхон сатаарах зав байсангүй. Эзнээ эрэв. Ашгүй Бардай сэцэн ойрхон зогсоно. Тэрбээр Шамдгайг мартсан бололтой, цаашаа хэн нэгнийг эрэн хараачлах аж. Шамдгай эргэн тойрноо ажиглавал алтан дуулгат зэгзгэр хатан ер үзэгдсэнгүй. Хоёр дахь фуу нижигнэлээ.
Галт буудлага улам ширүүсч, одоо бүр нүд гялбам цагаан, үхлийн гэмээр зэвүүн саарал өнгөөр ч цахилах болов. “Дагагтун” гэсэн дуу эхлээд тэр нижигнээн дунд сулхан сонсджээ. Удалгүй үй олон эрс дуу нийлүүлэн “Дагагтун”, “Дагагтун” гэж дуудахад харанхуй улам ч давчдах шиг, дээр нь харанга хэнгэргийн жигдхэн бөгөөд хатуу сүрлэг хэмнэл, илдээр бамбайгаа дэлдэх харих дуу нэмэгдэж бүр ч тэсгэлийг алдуулмаар болоод ирлээ.
Урт хүзүү, өргөн хэнхэдэгтэй нүд гялбам цагаан араб угсааны азарга унасан эр хажуугаар нь дүүлэн өнгөрөөд холгүй довон дээр гарч гараа өргөхөд Гал гэж Шамдгай таньлаа. Одоо энэ хүн, энд юу болохыг шийдэх нь гэдгийг Шамдгай ойлголоо. өнгө солибсон цацраг буудлагын гэрэлд Гал ноёны залуухан шийдмэг царай үзэсгэлэнтэй атлаа догшин сүрлэг харагдлаа. Энэ хүн одоо “Үхэн байлдая” гэж уриална гэдгийг Шамдгай гэнэт ухаарч, нуруугаар нь могой гулсах шиг хүйт оргин үс нь бослоо. Хэрвээ Гал ноён уриалбаас энэ хөндий цусан намаг болно. Гэхдээ зөвхөн мэргидийн зоригт залуусийн яс, цусаар хучигдана гэдгийг тааварлахгүй байх аргагүй. Отолтонд орсон цэргийн дайралт бол тулалдаан биш цуст хядлагыг л өдөөдөг нь тогтсон жам. Төмөр тэрэгнүүдэд хэдий чинээн их дарь, шүү, бөмбөг байгааг эд нар яаж мэдэх билээ.
Бардай сэцэн нумаа энгүүхнээр сугалж, тамшаалгаж байхыг Шамдгай ажиглав. Энэ гэмгүйхэн хөдөлгөөн хэний ч хар сэрийг хөдөлгөсөнгүй. Үнэндээ хардахаар сөгөөтэй хүн ч ойр орчинд лав байсангүй. Цөм догдлон царай нь цонхийгоод Галыг ажих мэт. Урт өргөн нь үл мэдэгдэх хөндий битүү амьсгалд давчдан тэр чигээрээ нүжигнээд бүсэлсэн цэргүүд “Дагагтун” гэсэн шуурдлага үе үе жижигнэн уул, завыг дүүргэнэ.
Гал дөрөн дээрээ босоод уртаар амьсгаа авав. Аль болох олон хүнд дуулдахын тулд ингэж байж л чанга дуугарахаас биш яахав. Гэвч энэ хором түүний болоод мэргидийн нэг түмэн цэргийн хувь заяаг хоёр тийш нь шийдээд өгчээ. Зэрлэг зөгий мэт сум шунгинах нь бүүр түүр дуулдаад мэргидийн залуу ноёны толгойгүй цогцос эмээл дээрээ нэгэн хором хачин зэвүүн аймшигтай тогтсоноо буруу талруугаа гулдай ойчлоо. “Бардай сэцэн харвачихлаа. Саран зэвээр л ингэж харвана” гэж хирдхийн бодсон Шамдгай одоо л эзнээ хамгаалах цаг болсоныг ухаарч илдээ суга татаад морио давиран урагшлав. Энэ хооронд Бардай сэцэн хэдийнээ байраа сольж амжжээ. Шамдгай түүний хонгор морины нь цайвар сүүлээр баримжаалан дөхөж очтол Бардай санаанд багтамгүй царгиа тод дуугаар:
- Мэргид ах дүү нараа. Дагаар орье. Гуравдахь дуугаар үхэл ирнэ. Галт үхэл ирнэ гэж хашгирлаа.
Саяхан удирдагчаа алдаад эмх журмаа тогтоож амжаагүй байтал цэргийн гол эгнээнээс цойлон дуулдсан энэ уриа олонхийг бүрмөсөн балмагдуулав.
“Дагагтун”, “дагагтун” гэсэн шургуу дуудлага цөхрөлтгүй нижигнэж, буудлагын хоорондох зай улам ойртсон нь үхлийн тулалдаан эхлэх гуравдахь буун дуу юу юугүй нүргэлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Эцсийн эцэст эргэлзээ, хүчирдлийг арай гэж даван туулсан “Дагаар орое доо” гэсэн цөөн хүний дуу сонсогдлоо. Бардай сэцэн царай цонхийж, уруулаа тас жимийчихсэн байв. Хоёр гурван хормын дараа “Дагаар орое” гэсэн чимээ арай хүчтэй сонсдож, эгшин бүрт олон олныг дагуулж чангарлаа. Энэ санаа орчны битүүлэг нууцгай аймшигт эгшинтэй давхцаж, зайлшгүй, зайлшгүй гэсэн нэгэн ухамсар өөд өөрийн эрхгүй татах ажээ.
Бардай сэцэн морио гуядан ухасхийж, нэгэн зуутын ноёны дэргэд очоод:
- Тушаалыг дамжуул. Бүгд тугаа хая. гэж зандарлаа. Зуутын ноён эргэлзсэн боловч тэрбээр Бардай сэцнийг огт танихгүйн дээр мэргид цэргийн ахлах тушаалтны тэмдэг болох дуулганы гурван багц соновторыг нь үзээд арга буюу тушаалыг давтан хашгирлаа.
Бардай сэцэн “Тугаа хэвтүүл” гэж тушааж болох л байв. Энэ нь ийм эмзэг агшинд арай эерүү сонсогдож болох талтай. Гэвч “Хая” гэж тушаах нь огцом тас цохих хүчтэй үг учир үр дүнг нь хурдан үзэхэд илүү нөлөөтэй ажээ. Тугаа хаягдсаныг үзсэн цэрэг эрийн сэтгэлд тушаалаас ухрав гэх буюу нэр төрөө алдав гэж халшрах төрөлх ухамсарын сүүлчийн тулаас унадаг юм. Нэг хүнд энэ тушаал ингэж тусдаг бол их цэргийн хувьд бүр ч эмгэнэлтэй болно. Анги бүрийг ялгаж, өмнө хойтийг чиглүүлсэн ухрах давшихыг тодорхойлж, хүнийх, өөрийнхийг илэрхийлдэг тэр олон туггүйгээр түм ч бай, мянга ч бай эгээ л ялгаагүй сүрэг морьтон, сайндаа илд, саадагтай эрчүүд төдий юм. Тийм мянган хүнтэй байлаа гэхэд эрэмбэ сахилгатай зуун цэргээр үлдэн хөөж болно.
Мэргидийн туг, хиур, дараа дараагаар унаж байгааг Бардай сэцэн сэрэмжлэн харж байв. Энэ зуур Шамдгай эзнээсээ баахан холдсон ч өгсөн үүргийг нь умартсангүй. Гэнэт хажуугаар нь нэгэн морьтон ааг амьсгаагүй өнгөрхөд цөөрч байгаа галт сумны гэрэлд дуулганы нь алтан өнгө гялбасхийж, Шамдгайг цочоов. “Абжай хатан” гэж тэр түгшин бодоод эзэн нь зөвхөн энэ хүнээс л сэрэмжил гэж захисныг саналаа. Бардай сэцэн туг зэвсгээ хурааж байгаа цэргүүдийг ажиглан алгуур цаашилж байсны дээр уул завсарлаагүй төмөр тэрэгнээс гал харвах нь бараг зосгссон тул энэ их үймээн дундуур зүтгэлэн давхиж байгаа ганц морьтныг цэргүүдийн хэн нь ч хориглож саатуулахыг хүссэнгүй. Тэдний хувьд дор бүрнээ санаашран зовних учир шалтгаан мундахгүй байснаас ч тэгсэн байж болно.
Абжай хатны чийрэг гартаа унжуулсхийн барьсан нарийхан мисир болд илдний үзүүр хэний цээж рүү чиглэхийг ганцхан Шамдгай л мэлэж байлаа. Тугч цэрэг бугуйлаа авч нэгэнтээ далламагц шидэж орхив. Суман могой мэт дүүлэн исгэрсэн бугуйл нь хүрэх ёстой газраа хүрмэгц Шамдгай морио давиран эргүүлэв.
Ардаа дөрөө гөлөм тачигнаж, битүүхэн лүг хийх чимээ сонсч, Бардай сэцэн цочин эргэвэл цээжээрээ бугуйлдуулсан Абжай хатан эмээл дээрээсээ татагдан илдээ алдсан боловч өндийн суугаад чивчирсэн бугуйлаа суллах гэж оролдож байв.
- Алив дайчид аа. Энэ хүнийг хүлж орхи гэж Бардай сэцэн тушаахад гайхалзан зогссон хэдэн мэргид эр ухасхийж, золгүй хатныг эвтэйхэн боогоод тавьчихлаа.
- Шамдгай, чи миний аминд орлоо. Одоо бид эзэн, зарц бус болов гэж Бардай хэлээд эргэн тойрноо харж, Чи Абжай хатныг хамгаалан хүрээнд аваач. Удахгүй үүр цайх нь. Энд ч ажил гэж ундарна даа гэжээ.

XIII бүлэг
Үнэхээр ч тэр өглөөний хувьд ялсан, ялагдсан хэн хэн нь тэр тухайгаа эргэцүүлэх завгүй хөдөлцгөөлөө. Сүбээдэй урианханы дөрвөн мянган цэргийг авч Галын шадар цэргүүдийг мөшгин Терликун хороо руу шууд одсоны дараа олзлогсодыг цэгцлэн, хураасан туг, зэвсгийн хамт хүрээнд авчрах албыг Бардай сэцэн дааж хоцорлоо. Үүрийн үнэгэн харанхуйгаар өөрсдийг нь тэгтэл айлгасан төмөр тэрэгнүүдийг газрын намд буулгахад туслах гэж энэ үед нэгэнт олзны хүн болсон Далтхар баатар хүссэн боловч Бурундай ноён одоохондоо мэргидүүдэд ийм итгэл хүлээлгэх болоогүй гэж үзсэн байжээ.
Нар цухуйх үед цуваа сая жигдэрч мананд умбасан шовх чулуун уулсын хормойг даган хөдлөв. Бардай сэцэн, Тэвэг хоёр газар хэмжиж, мэргэд нарт буудал зааж өгөөд, сэрэмжлэх бага сага хамгаалалтыг гүйцээсний дараа тэдэнд амь зуулгаа эрхлэх цагийг нь гаргаж өглөө. Орой болохын хирд Аругчу ирээд “Терликун хороог нэгэнт эзэлсэн. Худу, Чулуун нар цөөн ураг саднаа авч Хивчаагийн зүг оргосон. Мэргидийн ар гэр, отог хүрээг тэндээс шууд Балхаш нуурын зүг аялуулах болсон. Тэр цувааг урианханы мянгатууд авч одно.” гэдгийг дуулгав. Аругчу, Бардай сэцнийг сэжиглэнгүй харж:
- Уг нь энэ бүх тушаалыг би уламжлах уу, байх уу гэж бодсон билээ. Чамайг оргож явсанаас хойш би зүн дээр суусан шиг байж, тэр нэгэн өдөр дарсыг чин хүртсэндээ мөн ч их харамссандаа гэвэл Бардай өөдөөс нь мөн нухацтай харц зөрүүлж:
- Эзнээ муулах гэдэг надад ямар олиг байх вэ? Гэвч чамайг надад талтай үг хэлэх вий гэж илүү их айж байсан юм шүү гэж хариулав. Хоёр дайчин эр толгой сэгсрэн мушилзаад, салахын өмнө Бардай сэцэн:
- Хүчүлүгийн хатныг хэрхэн тухай эзэн юм хэлэв үү гэж асуулаа.
- Баатар маргааш өглөө ирнэ. Тэр цагт өөрөө тогтоон шийдэх буй заа. Энэ хооронд түүнийг тухалдуулахгүй байлгавал барав гэж Аругчу тоомсоргүй хариулжээ.
Харин Шамгай, Бардай сэцэн хоёрын уулзалт арай хүнд байлаа. Шамдгай хүрээнд түрүүлж ирээд Тэвэгийн гарт Абжай хатныг тушаасны дараа чөлөөтэй болсон ч ийш тийш хөдөлсөнгүй. өм цэргүүд Сүбээдэйг даган Терликун өөд одсон болохоор хүрээнд хэлэлцэх хүн ч байсангүй, дэмий л хуучин галынхаа дэргэд сууж бодлогошров. Дөрвөн өдрийн нүсэр чирэгдлийн дараа бүх юм сайнаар дууссан боловч сэтгэл нь тайван бус, хэн нэгэнд хууртсан мэт гол нь горойн эмзэглэх ажгуу. Мэргидийн олзлогдсод ирэхэд тэр Бардай сэцний барааг харлаа. Мэргид эрийн шарх анисан юм уу, эсвэл ялалтынхаа баяр бахархалд өвчнөө анзаарахаа болио юу, өдрийн турш нааш цааш давхин хоёр хүрээний хоорондох түмэн эхт ажлыг амжуулахдаа ер алжааж цөхсөн янзгүй байв.
Түүний энэ төрх байдал Шамдгайн анхны бодол хийгээд Сүбээдэй баатраас авч байсан эрхэм нууц захиа даалгавартай дүйх юм даанч үгүй тул тугч эр өөрийнхөө тухай аргагүй эргэцүүлэн бодоход хүрчээ. Өөртөө арай ч хатуу ширүүн хандсан байж магадгүй, юун гэвэл Бардай сэцнийг орж ирэхэд Шамдгайн царай тун тааруу байлаа. Залуу цэргийн сэтгэлд юу эргэлдэж байгааг гадарласан Бардай сэцэн хянуур байж, эхлээд юуны өмнө насны ах, зэрэг дэвийнхээ илүүг ашигласан нь дээр гэж бодлоо.
- Шамдгай бос. Би асартаа оройн хоол бэлтгүүлсэн. Өм цэргийнхэн өнөөдөр ирэхгүй. Энд уйдаж суухаар надтай нэгэн оройг өнгөрөө гэж тэр тушаах аясаар өгүүлэв.
Шамдгай дурамжхан өндийлөө.
Сэтгэлд хөндүүр эл хэдэн өдрийн сүүлийг мушгисан оройн зоог хэн хэнийх нь сэтгэлийг ялигүй уужрууллаа.
Бардай сэцэн тугчийн бодлогоширсон хүүхэдэрхүү царайг өрөвдсөн шинжтэй харснаа аяныхаа богцыг уудлан урт хүзүүтэй гялалзсан ваарыг сугалж, үйсэн бөглөөг нь мултлаад:
- Энэ бол Сүбээдэй баатрын хэд хоног хүч тавьж цуглуулсан дарсны дээж. Үзмийн дарс гэгч уг чанар нь согтоохдоо бус уйссан сэтгэлийг найрсуулахдаа байдаг юм. Тийм учраас дүү минь чамтай хэдэн цом суллахыг би өөртөө зөвшөөрлөө гээд Шамдгайгаас хариу хүлээсэн ч үгүй, үндсэн ташаар мэлтэлзүүлэн хийж өгөв. Сүбээдэй баатрын нэрийг сонсоод Шамдгайн сэтгэлд ахиад эвдэрч, мэргид эрийн зүг өчүүхэн ёслоод дарсыг дуустал уучихлаа.
- Амьд явах сайхан гэж Бардай сэцэн уртаар шүүрс алдан хэлснээ
- Гэвч бид амьдрахын тулд өөрийгөө өдрөөс өдөрт хурцлан элээж байдгийг санах хэрэгтэй. Амьдрал гэдэг маань уртаашаа цаг хугацаагаар, өргөөшөө бол зүтгэл, тэмцэл, төлөөсөөр хэмжигддэг юм шүү. Цаг хугацаа заавал өр төлөөсийг шаардана. Өр төлөөс буюу зүтгэл тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ хүндгүй болж, зөвхөн цаг хугацаагаар л хэмжигдэх өчүүхэн ойлголт болдог юм даа гэв. Өөрт нь хандсан энэ үгийн гүн нарийн утгыг Шамдгай ойлголоо. Тэгээд энэ оройн турш Бардайг анх удаа эгцлэн ширтэж:
- Намайг хууралгүйгээр энэ бүхнийг хийж болохгүй байсан гэж үү? хэмээв.
- Чи намайг заншлаач гэж мэдэж байсан бол Худугийн дэргэд тэгтлээ аашилж чадах байсан уу гэж Бардай сөргүүлэн асуулаа. Тэрхэн үгийг эргэж санахдаа үнэхээр Бардайд хилэгнэж, хамаг төлөвлөгөөг эвдэрсэн тооцон гашуудан байсан нь бодогдоод нээрээ үнэнийг мэдэж агсан бол хэрхэвч чингэж авирлаж дөнгөхгүй, тэгээд бүх зүйл домоглосон төдий болох байсныг тугч залуу сайн ойлгов. Түүнийг гэмшингүй инээмсэглэхэд Бардай сэцний дотор уужирч:
- Энэ бүх сайн төгсгөл ердөө чиний тэр хэдэн мөчийн үнэн гашуудлаас эхтэй юм шүү. Энэ л чин үнэнч чанарыг чинь Сүбээдэй баатар таньж сонгосонд чи бахархах учиртай гэлээ.
- Ер нь энэ бүхнийг хэдийд эхэлсэн юм бэ гэж Шамдгай хоёр дахь аяга дарсыг шимэх зуур сонирхлоо. Бардай сэцэн нүүрээ илбэснээ:
- Уг үндэс н их хол бий. Дай-Үсүн ноён Хулан охиноо Чингис хаанд өргөж, мэргид аймаг Хөх төрийн өмөгт багтах болсноос ч юм уу, эсвэл миний бие Ойн иргэдэд заншлаар одсоноос ч эхтэй байж магадгүй. Гэвч хамгийн дөхөм нь энэ хавар Жүчи ханы дэргэд Сүбээдэй, Зэв, Тогучар ноён нар зөвлөлдсөн тэр л нэгэн хэрэг явдал байх болов уу. Тэндээс Жүчи хан намайг Сүбээдэйн цэрэгт илгээсэн бөгөөд би эхнээсээ иймэрхүү дүр төрхтэй байж, хэрэгтэй цагт Сүбээдэй баатартай маргалдан мэргид руу дайжих үүргийг авсан юм. Гэхдээ тэр үед Худугийн цэрэгт манай заншлаач байсан болохоор чамайг шүтээн болсон тугнаас чинь салгах иймэрхүү явдлын сураг ч үгүй байсан юм шүү.
- Тэр заншлаач илэрсэн юм уу?
- Илэрсэн эсэхийн би одоогоор би хэлж мэдэхгүй. Харин манай их цэргийг энд буухаас яг нэг өдрийн өмнө түүнийг айлын эд хулгасан хэргээр нэг нөхрийн хамт ууцыг нь хугалж хороосныг сонссон. Гэхдээ үүний цаана бас учир ч байж магадгүй.
- Ийм нарийн хэлийг хэн хүргэж ирдэг байна аа?
- Заншлаач маань хилс ялд унаад өөрийгөө аврах бүх аргыг хийгээд дийлээгүй бололтой. Эцсийн мөчид хоол зөөж байсан өвгөн туркменийг хахуульдан өөрийнхөө тухай мэдээг Сүбээдэй баатарт хүргэж чадсан нь тэр. Өвгөн түрэг овоо шан авсан.
- Тэр өвгөнийг манай Бумдай барьж ирсэнийг би саналаа. Ердөө маргааш нь л намайг танд хөтчөөр илгээсэн шүү дээ. Тэгэхээр…?
- Тиймээ. Ердөө л тэр шөнө Сүбээдэй баатар намайг нууцаар дуудаж, бид үүр цайтал хэлэлцээд саяханы үйлийг тогтсон хэрэг. Амь эрсэдсэн заншлаачийн саран зэвийг өвгөн авчирсан байлаа. Тэр заншлаачаа хүндэтгэн, уг зэвийг дахин хэрэглэе гэж Сүбээдэй баатар надад гардуулсан юм аа.
- Их сайн нууцалжээ.
- Хорвоод нууц юм гэж хэзээ ч байдаггүй юм аа. Зөвхөн ухаж мэдээгүйгээс л хүмүүс нууц гэлцдэг юм. Тэр шөнө гэхэд л бид хоёр бас хүний хараанд өртсөн билээ гэж инээмсэглэн хэлэв.
- Хэн байж таарах вэ? Гэж Шамдгай цочин асуув.
- Насирбэк.
- Хэлмэрч сахалтай араб өвгөн үү?
- Өвгөн хүн ч бас биш ээ. Чи нас бага учир тэгэж харж байна. Тэр хүн шөнөжин унталгүй бидний чачрыг харуулдсаныг хэвтүүлүүд мэдэж бариад баатарт айлтгасан. Би өөрийгөө түүнд мэдэгдээгүй байх аа…
- Араб өвгөн яах гэсэн юм бол?
- Үүнийг сонирхох чөлөө надад яаж гарах билээ. өдий хүртэл гэм үүсгээгүйг бодоход тэр хүн лав л тандуулч биш байж. Эсвэл Сүбээдэй баатар гэмт санааг нь болиулж чадсан биз. Чи бид хоёрт тэр өвгөнөөс ч илүү чухал хэрэг ундраад байсан шүү дээ гэж Бардай сэцэн хэлээд аягаа анхилуун үнэрт дарсаар дүүргэв.
Шамдгай инээмсэглэн сууснаа хүрээнээс оргож гарах шөнө үзмийн төгөлд Бардай сэцний хэрхэн авирласныг санаад тэсгэлгүй инээд алдаж:
- Таны матааны үзүүр сүрхий лав орсон шүү гэвэл Бардай сэцэн мөн инээж:
- Тэгэхдээ л Сүбээдэй баатрын ташуурын шархнаас арай хөнгөн туссан байх. Энэ дүүрэн дарсыг тогтоогоод намайг уучил гэснээ хөмсөг зангидаж:
- Гэвч чиний мэдэж амжаагүй бас олон зүйл бий. Гол дайснаа чи өөрөө барьсан шүү дээ.
- Хэн? Арай Абжай …
- Тиймээ. Абжай бүсгүй гэж Бардай сэцэн уртаар шүүрс алдаад.
- Би түүний тухай бүр эрт Жүчи ханаас сонссон юмсан. Хүчүлүгийн нэг тийм үйлтэй эм байдаг, тэр нь Хүчүлүгт үл тоогдох мөртөө түүний төлөө гал усанд ч орохоос буцдаггүй гэдгийг өөрөө л үзэж үнэмшив шүү.
- Абжай хатан таныг хороох гэж довтолсоныг би мэдэж байна. өөрөөр ямар гэм хийсэн юм бэ?
-Өөр ямар гэнээ гэж Бардай сэцэн хөгжүүн инээгээд:
- Бараг бүх хэргийг тэр тандаж мэдсэн юм билээ. өөрөө надад хэлсэн юм шүү. Чамайг тусгаарлачихаад би шархандаа халуурч хэвтэхэд Абжай ирж, хонин цагаан эмийг нуруунд минь түрхэж билээ. Түүний ачаар би хоёр өдрийн дотор хөл дээрээ боссон юм шүү дээ. Тэр өвгөн хүний дүрээр хүрээнд нэвтэрч, намайг жанчуулж байхад хориодхон алхамын цаана бээвийгээд зогсож байснаа инээж хөхрөн ярьсан, бас үзмийн төгөлд чи бид хоёрыг муудалцаж байхад бутны ард нуугдан бүгдийг чагнасан. Энэ бүхнээс болоод надад тун сүрхий итгэчихжээ. “Хэрвээ Худу чамайг үлдээхгүй бол Хар Киданд очигтун” гэж намайг ятгасан шүү. Тэгэж итгэсэн хүнээ андуурсаныг мэдээд яаж хилэгнэх нь тодорхой байсан учраас би чамд Абжайг харж бай гэж захисан минь тэр.
- Байз, байз гэж Шамдгай дуу алдаад нүдээ их болгож
- Усан үзэм зарж байсан өвгөнийг би санаж байна. Үнэхээр нүд нь тун хачин санагдсан. Залуу хүн шиг… Гэтэл бас илбэч эм..
- Чи одоо л ухаарлаа. Абжай чамайг Сүбээдэйн туршуул гэж үзээд өөрөө дагаж тагнасан хэрэг. Морин цагт элчтэй уулзахад чинь тэр мэргэч эмийн дүрээр ойртож барих байсан юм даа. Би шархаа тэсвэрлэн босч саад хийснээр барахгүй өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан …Шамдгай үгийг нь дуустал сонсч тэвчсэнгүй гэнэт аягаа тавиад өндийлөө. Түүний царай цонхийж, уруул нь чичирнэ.
- Ингэхэд та элчийг алсан шүү дээ:
Бардай сэцний нүдэнд залирхуу оч гялсхийв. Балмагдаж гүйцсэн дүрвэд залуу түүнийг анзаарсангүй, чичирсэн гараа арайхийн дарж:
- Нам цавчсан, цус нь олгойдоод… нүд нь гөлийчихсөн байсныг би одоо харж байгаа юм шиг санаж байна. Тэр хүн бас золиос байсан гэж үү? Хэмээн догдолсноос сөөсөн хоолойгоор хашгирах шахуу хэлэв. Бардай сэцэн түүний гараас шүүрч:
- Тогтож үз. Чамайг Тангудын цэргийн түрээнд бараг Ли овогтон болтлоо хүндлэгдэж чадсан заншлаач гэж Сүбээдэй баатар магтаж байсан бус уу. Чи ядарсан байна. Энэ дарс ч бас агдуун дарсан эд бололтой. Цус огшуулдаг байж мэднэ. Шөнийн нэг жин цохиж байна шүү. Одоо унтацгаая. Чи бидний үзэж харсан юм ихэдсэн шиг байна. Заримыг нь маргаашдаа хадгальяа гэж ятгалаа. Шамдгай түр тайвширсан хэдий ч сэтгэл нь дахин үймэрчээ.

XIV бүлэг
Чухамдаа Шамдгайгаас илүү гайхаш тасарч нойр хулжмаар байсан атал Насирбек төр шөнө тун тавлаг нойрсжээ. Хархүрэм балгадаас гарсанаас хойш анх удаа дөрвөлжин тасалгаанд унтсандаа ингэж амарсан байж болох юм. Ер нь хүний төрөлх ахуй үхэн үхтэл мартагдаж, орхигддоггүй билээ. Гэвч нарийн учир нь энэ нэгэн эргэж, тойрсон будилаантай үйл хэргээс /мэргэдийг даггуулсан сүүлчийн шөнийн отоог Насир тулалдаан гэж нэрлэж чадахгүй байжээ./ хойш сири дайчин юунд ч гайхахаа болив. Энэ монгол жанжнуудын хувьд, тэр тусмаа Сүбээдэйд ямар нэгэн хэвшмэл хатуу эрэмбэ үгүй бололтой. Тэд байгал хийгээд хүмүүсийг өөрийн зоргоор захирч чаддаг. Тэдний хувьд бурхан чөтгөр, хутагтан, мяндагтан цөм адил, Мөнх тэнгэрийн эрх тэгш боол байх юм. Нөгөө гайхал Худу, Чулуун нар нь Сүбээдэйн заншлаач байжээ гэвэл одоо Насир огт гайхахааргүй байлаа. Ийм ер бусын сэтгэлгээндээ гүнзгий автсан тул Терликун хороог төвшитгөсөн их жанжны цэрэг хүрээндээ буцаж, “урваач” Бардай сэцэн хээнцэр хуяг дуулгаар чимэглэн, мянганы ноёдыг дагуулсаар Сүбээдэй баатрыг угтаж авахад цочиж ширвэгдсэнгүй, харин дотроо тэр нэг үүр шөнийн заагаар Сүбээдэйн чачирт сууж, саран зэв тосч авсан хүн бол энэ мөн ажгуу хэмээн батад ойлгож байв. Тэгээд Сүбээдэй баатраас өөр догшин сэжүүч эзэн байсан бол түүний сониуч буурал толгойг мөрнөөс нь салгачихад ер гомдохооргүй нууц зүйлийг санамсаргүй тандчихсанаа мэдэж, хойшид монгол цэрэгтэй нэг бус удаа аялах нь гарцаагүй тул өөртөө хамаагүй зүйлд нүд, чих уралдуулахгүй байхыг цээжиндээ сайтар хатангардуулав.
Сүбээдэй баатар үдийн зоог барихаасаа өмнө өргөөндөө морилж, дутаасан хийгээд олзлогдсон, нүүсэн мэргид аймгийн үйлийг цаашид салган тогтоогоод Абжай хатныг авчир гэж тушаалаа. Хатныг авчрахад Сүбээдэйн дэргэд Бардай сэцэн, онходын Чигчидэй хоёр шадарлав. Тэр хоёрын доор нэгэн бичээч, мөн Насирбек суулаа. Нэг нь монголоор, нөгөө нь араб үсгээр хэргийг тэмдэглэнэ.
Абжай дүгрэг хүрээтэй сувдан шигтгээт малгай өмч, урт цэнхэр уужаа намируулсаар орж ирэхэд бүгд нам гүм болов. Насирбек хүүхнийг сүрхий ажигласнаа: Хээ гэж дуу алдчихаад амаа барин цаас руугаа тонгойлоо.
Сүбээдэй бүсгүйг харан үг дуугүй сууна. Цаадах нь ч дуугарсангүй. Тэдний бие биеэ харах байдалд өөр өөрийн далдлагдах аргагүй төгс намба байсан тул өргөөнд байгсад тэр сонин сэвүүн орчинд татагдан бүгд л төв царайлан зогсжээ. Зөв хэлбэртэй нимгэн царай, тэгш шулуун хамар, тод хүмүүнтэй зузаавтар уруул, хацар дээрх тод хар мэнгэ нь бүсгүйн царайг урьхан болгож, гагцхүү хөмсөгний хоорондох огцом атираа л энэ бүх даруухан булбарай нүүрний цаана хатуужил төгс, овтой дайчин байгааг яахын аргагүй санагдуулна.
Сүбээдэй бүсгүйг анхааран ширтэх боловч сэтгэлд нь эрт урьдын дурсамж зураг шиг тодрон байжээ. Агучу баатрын том цагаан гэрийн хойморт утас зүү барихаасаа илүү илд, хормогсогт эрхэлж өссөн танхи охин, олон аймгийн хуувь нийлсэн чуулганд Даян ханыг дагаж ирсэн хүүг нь хараад сэтгэл татагдан, гэмгүй үерхэж өссөн урианханы сэргэлэн хөвгүүнээ онхид мартчихсан дэврүүн бүсгүй сэтгэлд нь бууж байлаа.
“Нулимс тоссон мэнгэ” гэж Сүбээдэй зүрхээ шимшрүүлэн бодов. Даян хаан, Агучу баатар хоёр худ ураг болохоор сэтгэл дүүрэн байсан боловч Абжай охины баяр баясгаланд яаж хүрэх билээ. Гэвч хорвоод бүрэн төгс учрал гэж даанч үгүй. Цагийн нуруу, улс төрийн хожоо бодсон эцгүүдийн хэлцэл Хүчүлүгт ер таалагдсангүй байжээ. Дэндүү цэвэрхэн, дэндүү хөнгөн төрсөн Хүчүлүгийн хувьд бурхан Халдуны эрэмгий охин дэндүү эгэл, болхи санагджээ. Хэдийгээр аваал эм нь боловч Абжайн хувьд хишигтэй шөнө улам улам ховордох болсон ч сэтгэл нь хөрсөнгүй, угийн эрэмгийн зангаараа эзэн эрээ өөртөө татах нэлээд хүнд үамыг сонгосон юм гэлцдэг. Түй, Байдраг, Онгийн гол, Наху гүнээс Балхаш нуур, Хэц элс хүртэлх мянга мянган бээр зам, арав гаруй жилийн босоо суугаа амьдралд Абжай тохилог өргөөгөө бүр огоорч, алдарт Хөгсүү Сабраг, Хорисубэчи нарыг орлох гэсэн мэт хөө хуяг, доо жадтай нөхөрлөн, задгай галын дэргэд бүхлээр нойрсон, үүрийн жавар дундуур хүнд бамбайны ирмэгт энгэсэг хацраа хөлдөөж явсан юм гэдэг. Гавьяа зүтгэл нь Хүчүлүгт таалагдвал хөөрхий хатан гурав хоногоор, заримдаа арван ч хоног ханыхаа торгон гэрт хөлбөрөх хишиг хүртдэг байжээ. Нулимс тоссон мэнгэ ээ!
Сүбээдэй Абжайг харж суухдаа өөрийнхөө орь насны тэр нэгэн зовиуртай атлаа жаргалтай гэмээр хүсэл тэмүүлэл дахин төрөх, эсэхийг анзааран чагнаж байв. Тийм бодол өдгөө нэгэнт үгүй болсон бололтой. Түүний хувьд тайчуудын эрх охины хонгорхон дүр л хоцорч. өмнө нь зогсох энэ хүн бол огт өөр хүн, найманы Хүчүлүг ханы хатан бөгөөд Гучин гурван Алтай, Хан тэнгэр уул, Иль, Чүй, Сейхун, Жейхун мөрнөөр элин халигч зовлондоо жаргагч нэгэн л байв.
Сүбээдэй тэр хүний эгэлгүй сонин, бусдын хувьд эмгэнэлтэй гэж үзмээр тавиланг зүгээр л өрөвдөн харж байлаа. Тэр түүнээс юуг ч асуух билээ. Бүргэдэд тасын амьдрал хэрэггүй, Хуланг адууны жүчээгээр баярлуулахгүй нь мэдээж.
Сүбээдэй хоолой засаад өгүүлсэн нь:
- Их засаг хуулийг барьж ярьвал танд олон зүйлийн гэм буй. Гэвч энд түүнийг нарийвчлан хэлэлцэхгүй. Гурван зүйл шалтгаанаар өршөөж, суллан илгээх боллоо. Үүнийг тайлан хэлбээс зохистой. Нэгдүгээрт Та нэгэнт өөр улсын хүн бөгөөд бас ч тэр улсын эзний хатан тул Монгол Улсын хуулиар шийтгэхээс түдгэлзэв. Хоёрдугаарт та эм хүн тул энэ тухайд хэлтрүүлэн хөнгөтгөн нь зүйд нийнэ. Гуравдугаарт гээд Сүбээдэй түр зогсосхийж:
- Төрд гавьяа байгуулсан хүн шагналаасаа татгалзаж ялт хүний амь золихыг гуйвал зөвшөөрдөг хааны зарлиг буй. Тэр ёсоор Бардай сэцэн чиний амийг хэлтрүүлэхийг гуйсан тул чамайг тавьж илгээлээ гэж хэлэв.
Хүүхний нар салхинд борлосон хөрслөг царайд үл мэдэг догдлол тодорсноо агшин зуур ариллаа. Тэр Сүбээдэйн зүг хөнгөхөн мэхийн ёсолж, Бардай сэцнийг хэсэг тогтон ажиглаад дайчны барилаар бус төрийн хатны намбаар алхан гарч одов. Сүбээдэй Бардай сэцэнд хандаж:
- Чи хоёр цэрэг гаргаж, эд юмсыг нь хамгаалуул. Уг нь Хүчүлүгт хүргэж өгвөл зохих билээ. Өөрөө таалахгүй байх. Мөрний олом гартал юу ч атугай харгалзуул гэж захилаа. Бардай сэцэн, Чигчидэй хоёул гарч одлоо. Монгол бичээчийг буцаагаад Сүбээдэй суудлаасаа босч:
- Насирбек та Абжайг хараад яагаад дуу алдав? Гэж асуувал сири дайчин сахал дороо дурамжхан бувтнаад бичгээ цэгцлэн завгүй дүр эсгэнэ.
- Тэгвэл би танд хэлж өгөх үү гэж Сүбээдэй хэлээд өргөн агсрагнаасаа атган хэлмэрчдээ ойртов.
- Та дураараа болтугай. Би л хэлж зүрхлэмгүй.
- Энэ чинь баатар хүн хийвэл зохих үйлээ хийгээгүйгээс болж тохиолдсон сургамж тул заавал үлдээх хэрэгтэй гэж Сүбээдэй Насирбекийн цаашлуулаад: Би таны ярьсаныг нэгд нэгэнгүй санаж байна. Чингээд бодвол та Хүчүлүгийг урхидах хүүхэн худалдаж авахдаа Абжайг сонгочихжээ.
- Тэр үнэн, тэгэхдээ би биш гэж Насирбек татгалзаад Шах надад мөнгө өгч би тэр мөнгийг нь жуучид өгч олуулсан хэрэг гэж учирлав.
- Шахын өмнө хэрэг даасан нь та л шүү дээ. Тэгэхээр таны зугтаасан нь түмэн зөв. Өстний нь эхнэрийг өөрийнх нь мөнгөөр худалдаж аваад өстөнд бэлэглэснийг сонсвол Мухамед яаж хилэгнэхийг төсөөлөхөд хялбархан байнам. Үгүй ер ийм арилжааг жинхэнэ шулуун цагаан сэтгэлтэй баатар хүн л хийж чадна. Гээд Сүбээдэй тас тас хөхөрлөө.
- Хэрвээ жинхэнэ эр баатар л ийм тэнэг арилжааг хийж чаддаг юм бол би таныг тулалдаанаас өөр ажилд дагахгүй гэдгээ хэлье гэж Насирбек хэлээд Сүбээдэйд мэхийн ёслоход баатар:
- Энэ ч сүрхий хариу боллоо. Та ер нь юм юманд хоосонгүй хүн бололтой. Зам урт, цаг ч урт, таны эрдмийг бишгүй сорих вий. Одоо тугч цэрэг Шамдгайг олж надруу илгээнэ үү гэлээ.
- Сүбээдэй ганцаар үлдээд Насирбекийн хөгтэй арилжааг бодон инээвхийлж, аяныхаа тоногтой богцыг задалж, шар хивээр ороосон барсын толгойт мөнгөн гэрэгэ гаргав. Энэ удаа баатар тугч цэргээ шагнаж амжсангүй хүлээж ядаад арга буюу үдийн зоогонд мянганы ноёдыг урьлаа. Угтаа Насирбек хүрээний дотуур хөлөө эцтэл эрсэн билээ. Гэвч Шамдгай олдсонгүй. Тэрхэн үед хүрээ даяар хөл хөдөлгөөн их, хүр дуун ч багагүй байсан тул Насирбекийг зэмлэх аргагүй байлаа. Харин Шамдгай энэ үед хүрээнээс холгүй бяцхан горхины дэргэд суугаад сэтгэлдээ тээглэсэн бас нэг бул хар чулуугаа авч хаян, магнай тэнүүн мишээхийн сацуу Чигчидэй заншлаачийн сэтгэлд багтамгүй увьдасыг гайхан биширч байлаа. Дөнгөж өчигдөрхөн л дарсны газарт Бардай сэцний илдэнд өртөөд амь тавьсан тэр хүн нь сорви ч үгүй сууж байхад тэр баярлахаас ч биш яах билээ. Абжай хатныг хүрээнээс үдэж гаргаад буцаж явсан Бардай сэцэн, онходын Чигчидэй хоёртой Шамдгай тааралджээ. Гай болж, улаан нөмрөгтэйгээ явсан Чигчидэйг мөнөөх эрсэдсэн элч мөн гэдгийг залуу тугчийн гяхай нүд алдалгүй таньсан боловч ийнхүү эсэн мэнд бас тэгээд өөрийг нь хороосон хүнтэй явж байх чинээ бодол яагаад ч цээжинд нь багтсангүй, нэг бөгөөс өөрөө, эс бөгөөс Бардай сэцэн ордослуулж гэж итгээд дороо хөшиж орхисон билээ. Урьд өдөр нь яг энэ тухай ярилцаж байсан болохоор Шамдгай ямаршуу байдалд орчихоод байгаа Бардай сэцэн түрүүлэн ухаарч, мориноосоо үсрэн буугаад залууг сугадаж авахад учир шалтнааныг нь бас төдөлгүй гадарласан Чигчидэй ч яаран тусалжээ. Энэ хэрэг тийм ч амар тайлагсдангүй. Чигчидэй зүлгэн дээр завилан суугаад зүрхээ зогсоон үзүүлснээр Шамдгай сая итгэжээ.
- Цус бялхах ч гайгүй юм. Энэ бол амжихгүй гэж Шамдгай Чигчидэйн цус нь дөнгөж тархаж буй цохигор царайг сүрдэн ширтэж хэлэхэд:
- Би ч ялгаагүй айлаа гэж Бардай сэцэн хүлээн зөвшөөрв.
- Ийм байдлаар хэдий хэр удах вэ? Гэхэд Чигчидэй: сар, жил ч байж болно. Харин удах тумаа дахин амилахад заавал гадны хүн, бүр нарийн эрдэмтэй хүн хэрэгтэй болно гэжээ.
- Чирч оруулсан хүүр нь босоод ирэхээр хөөрхий муу дарсны газрын эзэн ямар их айсан бол гэж Шамдгай хэлэхэд үг цөөнтэй онход залуу зөвхөн мишилзээд өнгөрөв.
- Энэ эрдмийг хэнээс яаж сурав?
- Ганц нэг заарин мэднэ. Гэвч эрдмийн эх нь Энэтхэг газарт байдаг.
- Чи хө, тэндээс сурав у?
- Бараг л тийм.
- Аль хэр хол вэ?
- Газраар бол жил явах. Өмнөд тэнгэсээр зорчиход хоёрхон сард хүрнэ.
- Шамдгай дүү минь, битгий сурагла. Чамд энэ эрдэм хэрэггүй.
- Би биш, та сураглав биш үү?
- Тэгвэл хоёулаа мартая.
Тэд ийнхүү хэлэлцээд хүрээ рүүгээ буцлаа. өм цэргүүдийнхээ дунд дахин орсон Шамдгайн хувьд баяр хөөр нь цаглашгүй байлаа. Их л гарлага, золиос хилсдүүлгээр дүүрсэн мэт атлаа эцэстээ сайн сайнаар энэ бүх хэрэг дуусч байгаад итгэсэн Шамдгай өөрийгөө нэг мөсөн мартжээ. Тэгтэл нэгэн хорчин ирж, түүнийг Сүбээдэй баатар луу дагуулан явлаа.
Баатар түүнийг босч угтсанд Шамдгай сандарчээ. Ийм хүндлэлээс эмээж байсан түүнд барсын толгойт гэрэгэ бүр ч хүнд санагдсан нь мэдээж.
- Би чамд зөвхөн гэрэгэ шагнав. Одоохондоо тушаалаад шагнах нь чамд илүүдэнэ гэж Сүбээдэй хэлээд тугч цэргийнхээ ичиж улайсан царайг нухацтай ширтэж:
- Чи харин надад амласнаа одоо санах хэрэгтэй гэв. Шамдгай өөдөөс нь гайхан харснаа бүр ч улайж:
- Тиймээ би … би.. ойлгосон гэв. Сүбээдэй түүний үгийг эелдэгхэн таслаад:
- Үгүй дээ, ингэж биш. Би чиний чин шударга сэтгэлийг ашигласандаа өршөөл гуйх ёстой. Чи Бардай сэцнийг хилсдлээ гэж харамсаж байсан. Тэгэхэд би чамд “хилсэдсэн, хилсдүүлсэн хэн болох нь тодрох байлгүй” гэсэн билээ. Одоо сая л тодорлоо. Чиний шударга сэтгэл хилсдэснийг бүгд мэдэх учиртай. Чухам үүний төлөө л би чиний өмнө мэхийе гэжээ.
Шамдгай гэрэгэг цээжиндээ наагаад тэр үед эзэн баатрынхаа хэлснийг сэргээн санаж:
- Хөх Монголын Хас төрийн төлөө энэ бүхнийг хийсэн гэдгийг санаж, таныг би өршөөж байна гэж хүндэтгэлтэйгээр өчлөө.

XV бүлэг
Зүүн гарын говь руу их цургийн цуваа жигдрэн орлоо. Түүнийг дагаад Нүүдэлчдийн гэр тэрэг, үхэр мал захгүй багшран нүүгэлтэнэ. Бардай сэцэн саяхан тугийн харуулаас буусан Шамдгайтай зэрэгцэн алхуулна.
- Одоо миний төрөлх цэнхэр Увса нуур холгүй боллоо гэж Шамдгайг хэлэхэд түүний хөөрөн хөхих сэтгэлийг ойлгосон Бардай сэцэн:
- Гэрт чинь ямар хүмүүс чамайг хүлээж байгаа вэ гэж асуув.
- Аав ээж, ах дүүс, олондоо олон… эхнэр л буулгаагүй байгаа.
- Тэр ч амархан хэрэг.. Хөөрхий эхийн чинь итгэж даатгасанаар чиний аяны мөр зохисон гэдгийг бүү мартаарай гэж Бардай сэцэн хэлээд холхид шаргалтах манхны зэрэглээт оройг ширтлээ.
- Тиймээ, итгэл гэж Шамдгай амандаа давтсанаа нэгийг эргэцүүлэн хэсэг зуур бодлогошров. Уг нь ийм үгийг өгүүлж ахмад нөхрийнхөө сэтгэлийг үймүүлэх нь илүүц мэт, гэтэл санааны мухрыг нээхгүй бол хэдий дотно ч завсартай үлддэгийг бодоод Шамдгай зориглон ам нээлээ.
- Итгэл гэснээс Худу танд аргагүй итгэсэн шүү.
Бардай дуугарсангүй. Түүний шанаа нарийсчихсан юм шиг, хацар нь сүрхий шуугдсаныг Шамдгай сая л анзаарлаа. Энэ эрэмгий эрийн дотор ямар зовлон, жаргал эргэцэж байдгыг гадарлахад хэцүү билээ. Үгнийхээ хариуг авахгүй бололтой гэж бодож явтал Бардай сэцэн ташуураараа хажуугаар нь зэрэгцэн цувсан нүүдэлчдийг зааж:
- Эд нарыг дуртай газар нь илгээхийн надад Жүчи хан хүү зөвшөөрсөн юм. Хэрэв хүсвэл төрөлх Сэлэнгэдээ ч очиж болно. Үүнийг Чингис хаан өөрөө амласан юм. Одоо миний мэргид овогтнийг хэн ч түйвээн залхаахгүй. Энэ л миний үүрч гарах итгэл юм шүү гэж тайван хэллээ.
Онгон сүрлэг Зүүн гарын говь мөнх тэнгэрийн дор дуниартан шаргалтана. Он цагийн гэтлэшгүй уртыг ч, хүн төрөлхтөний барагдашгүй нүүдлийг ч энэ говь тэсвэрлэн давсаар…
Насирбек эмээл дээрээ хазгай суугаад өмнөхөн талдаа зүүрмэглэсэн аятай жигдхэн ганхуулан алхуулах Сүбээдэй баатрыг харж явлаа.
Тоосонд дарагдсан зузаан дээл, нарнаас халхлах ширээстэй эсгий малгай нь тэр их жанжныг энэ хэр олон цэрэгтэй нь эгээ л адилхан харагдуулна. Гэвч тэр, цэргээсээ юугаар ч ялгардгийг одоо Насирбек мэдэх болжээ.
Нэгэн насныхаа амь цөлөм зүтгэлээр тийм жанжны зэрэгт орж чадаагүйнхээ учрыг Насир ойлгосон. Юу гэвэл “Жанжин хүн бол алан хядагч биш, аврагч байх ёстой. Тэр тусмаа дайснаа аврах нь жанжны эрхэм үүрэг байдаг ажээ. Үүнийг яаж ухаарвал зохих вэ гэдгийг Сүбээдэй сая харуулав биш үү. Насирбек тийм ч байж чадсангүй, тийм байдгыг ч мэдсэнгүй. Энэ үгийг бэсүдийн Зэв хэлсэн гэсэн. Гэвч Сүбээдэй баатар өөрөө ч хэлсэн юм билүү. Чингис хааны жанжнууд цөм л ийм зарчмыг дагадаг болохоор чухамдаа хэн хэлсэн нь чухал биш.
Хэрэв тэр нэг шөнө саран зэвний сүүдрийг харчихаад амь алдах шахаагүй бол энэ бүхний тухай Насирбек мэдэхгүй л өнгөрөх байж дээ.

1992.VII.20-VIII.12-ны өглөө. 06 цаг
Чингэлтэй.

No comments: