2007/11/30

Саран Зэв / 9-11 бүлэг/

Зохиолч Т.МАНДИР
dayarmongol.com вэб хуудаснаас авав.

IX бүлэг
Насирбекийн хэдэн өдрийн өмнөх итгэл сүжиг алдрах тийшээ хандлаа. Нэг удаа бүр “Би дарсны эрлээс залхлаа” гэж ч хэлж үзжээ. Сүбээдэй ажиггүй инээж “Чи Бардай сэцнийг хараа биз. Тэр жанчуулсан ч оргож амжсан. Харин би чамайг жанчихгүй, шууд л цавчиж орхино” гээд илднийхээ хуйг алгадахад хөхүүн царайд нь аргагүй ажил хэрэгч төрх тодроод ирж билээ. Насирбект өмгөөлөх Жүчи хан хүү байх биш дээ. Үг дагахаас өөр яах билээ.
Цэргийн цааз сулрана гэхэд үүнээс илүү сулрана гэж лав байдаггүй байх. Хэвтүүл, хишигтнүүд л үүргээ эрхбиш оромдож байгаа бололтой. Зуутууд хээр гарч сургууль хийх нэрийдлээр тарж, ноёд захирагчид нь бөмбөг намнан зугаацаж, цэргүүд нь хад чулуугаар жимс, туулай эрэн цаг нөхцөөнө. Тэдний хэлэлцэх нь “Мэргид дутааж чадахгүй, довтолж чадахгүй. Бид Тогучар ноёнг хүлээж байна” гэнэ. Тэр Тогучар гэгч нь түмэн цэрэг аваад гарсан боловч намартаа ирэх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Хамгийн жигшмээр явдал гэвэл зарим ноёд цэргээ аваад бүүр ууланд гарч одсон явдал. Тэд халуунаас зайлж байгаа биз гээд Сүбээдэй ер хэрэгссэнгүй.
Насир “дарсны гурав дахь аялалаас” буцахдаа мэргидийн харуултай мөргөлдөж, хөөрхөн дайтаад үзлээ. Нэг цэрэг гуяндаа жадлуулж, хойно явсан тэрэгнээс хоёр ваар дарс алдав. Энэ хохирлыг Сүбээдэй тоосон ч үгүй. Насирбекийн тулалдаанд омогшсон царайг эцэг нь хүүгээ өхөөрдөх мэт урихнаар ширтээд “Тэсч үз дээ, ханатал тулалдах цаг заавал ирнэ. Тэр цагт хоёр ваар дарсныхаа хариуг авахыг би танд найдна шүү” гэжээ. Тэр нэгэн өдөр “Манай заншлаач хорлогдов” гэсэн гуравхан үгэнд харуусан гутарч байсан нь мартагдсан бололтой. Сүбээдэй яриа хөөрөөтэй, илэн далангүй байх болжээ. Орой сэрүү ороход түүнийг өргөөндөө дуудаад загалмайтны аян дайны тухай яриулаад, өчүүхэн төдий зүйлийг ч гээлгүй лавлана. - Шүтлэгээс болж нэгийгээ бурангуйлна гэдэг бол сайн хүний хийх үйл бус. Ерөөс энэ орчлонд жинхэнэ хүчтэн хэрэгтэй болжээ. Тэгвэл сая хүмүүс тайван амьдрах болно гэж Сүбээдэй урт ярианы эцэст дүгнэн хэлэхэд Насирбек:
- Тийм хүчтэн гарах уу даа гэж эргэлзжээ.
- Гарчихсан. Тэр бол Чингис хаан гэж Сүбээдэй итгэлтэй хэлээд:
- Хэрвээ Чингис хаан тушаавал би танай тэр Газрын дундад тэнгис хүртэл аялах л болно. Монгол цэрэг очсон газарт энх амгалан байдал өөрөө тогтоно гэжээ. Насирбек:
-Энэ аялалын байдал, журам надад тийм итгэл төрүүлэхгүй л байна даа гэж ёжлоход Сүбээдэй хөгжүүн инээж:
- Нүдний өмнөх өнгө дүрсэд бүү хууртагтун. Миний анд Зэв “Жанжин байх нь цэрэг байхаас юугаар хэцүү вэ?” гэж асуух дуртайсан. Та бол түүнд юу гэж хариулах вэ?
- Цэрэг бол зөвхөн тушаал биелүүлнэ. Жанжин тэр тушаалийг бодож олно шүү дээ.
-Жанжин ч бас хааны тушаалыг гүйцэлдүүлэгч шүү дээ. Энд тушаал гол бус. Зэв хэдлэхдээ “Цэрэг бол дайснаа алж ч болно, олзолж ч болно. Харин жанжин хүн бол ямагт аврагч байх ёстой. Энэ л хэцүү” гэдэг юм даа гэж Сүбээдэйг хэлэхэд:
- Дайснаа аварна гэсэн үү? Хэмээн Насирбек гайхан лавлажээ.
- Тэгэлгүй яах вэ? Хамгийн гол нь дайснаа аврах гэж Сүбээдэй хариулаад Насирбек толгой сэгсэрч:
- Үүнийг ч харин ойлгохгүй нь ээ гэхэд
- Магадгүй гээд мөшийж билээ.
Бардай сэцнийг оргосны дөрөвдэх өдрийн оройхон цэргийн хүрээнд олноороо хэсүүчлэх болсон арилжаачдыг баатар өргөөнийхөө сөхөөстэй үүдээр харж байснаа гэнэт Насирбекийг дуудаж:
- Та хоёр хишигтэнийг аваад хүрээн дотуур шалга. Хээр морь хөтөлсөн, улаан нөмрөгтэй залуу хүн байвал шууд бариад ир гэж тушаажээ.
Хөгийн гэмээр энэ даалгаварыг аваад явж байхдаа Насирбек урианханы их жанжиныг согтуу байна уу даа гэж хардлаа. Гэвч хэрэг болгож авчруулсан тэр их дарсаа огт уудаггүй, нүхэн зооринд тэр хэвээр нь дарж хадгалдагийг мэдэх болохоор хөлчинө гэж итгэмгүй. Ашгүй удтал бидрэх хэрэг гарсан ч үгүй, хэдэн тавьтын цаадтай богино улаан нөмрөг хэдэрсэн толгой нүцгэн эр “намайг бариад ав” гэсэн шиг морио зуузайдан хээхийгээд зогсохтой учирлаа. Сайх эр огт эсэргүүцсэнгүй, тэднийг дагаж ирэв.
Сүбээдэй тэр залууг хэсэг сүрхий ширтсэнээ Насирбекийн зангаж:
- Яг мөн байна. Та тушаалыг дандаа сайн биелүүлэх юм. Одоо харьж амрагтун гээд мөнөөх залууг дагуулан өргөөндөө орчихжээ.
Хэрвээ Насирбек гучин настай байгаад, бас Саладины дэргэд ч юм уу, Мохаммед шахын шадар агсан бол иймэрхүү үл ойлгогдох тохуутай гэмээр тушаалыг хоёр удаа авахад эгдүүцэн уурлаж сүйд болох байлаа. Гэвч нас тогтож, нүд тайлсан болохоор “би бол хэрмэл хүн, хэрээ мэдэх хэрэгтэй” хэмээн өөрийгөө дарж сурчээ.
Энэ удаа тэр Сүбээдэйн өргөөг тэр нэгэн шөнийнх шиг тандах гэж биеэ зовоосонгүй. Тийм болохоор хэвтүүлүүд ч гарыг нь сийчих гэж айлгасангүй, энд ирсээр хуучин зуршлаа эрхэмлэх болсон тул цар дүүрэн будаатай хуурга зооглож, усан үзэмний шуугисан дарсаар даруулаад ороо засав. Гэвч тавтай нойрсох боломж гарсангүй ээ.

X бүлэг
Шамдгай өөрийгөө үхсэнээс дор бодож явлаа. Яагаад гэвэл түүнийг эмээл дээр нь даруулаад хүлчихсэн ажээ. Энэ бол мэргидийн цэргийн магнайн цуваа. Үүний араас Бутуул, Далтхар нарын захирсан хүчирхэг түмэн цэрэг шил даран дагаж яваа бөгөөд үүрийн үнэгэн харанхуйгаар Сүбээдэйн хүрээг дайран тэгшлэх учиртай. Тэгэж чадна гэдэгт Шамдгай итгэхээс өөр арга байсангүй. Дайсандаа итгүүлэхийн тулд Сүбээдэй баатар цэргээ задалчихсан байгааг тэр мэднэ. Дайрах өдөр, товыг нь тэр өөрөө мэдэгдэх учиртай билээ. Гэтэл мэдэгдэх нь байтугай…
Тэр өөртөө өчүүхэн ч сэтгэл зовсонгүй, ягирах яс, асгарах цус төдий юм. Харин түүнд найдсан жанжин хөөрхий, жанжиндаа итгээд нойрсож буй нэг түмэн халуун амь хөөрхий. Заналт дайсан нь түүний хажууд мөр зэрэгцэн явна. Тэр бол хамгийн эгзэгтэй мөчид илчилж, улмаар дайсанд барьж өгсөн Бардай сэцэн. Одоо тэр хүн санаандаа хүрэхэд хэдхэн цаг л үлдчихээд, Сүбээдэй жанжны хар тугийг булаагаад авчихсан мэт сэтгэл нь хөөрч, шарх сорвио ч мартчихаад яваа нь энэ. Ээ халаг.
Шөнийн сэрүүн сэвшээ хөлөрсөн нүүрийг нь илбэхэд Шамдгай хорсон цөхөрсөндөө эр хүний харам нулимсыг гаргаж, нүдээ анив. Хамаг бие нь бадайран чилэвч урьд өдрийн явдал нэгд нэгэнгүй үзэгдэж, сэтгэлийнх нь шаналгааг нэмнэ. Дарсны газарт Шамдгай, Бардай сэцнийг хараад гайхсан боловч тийм ноцтой явдал үүднэ гэж огт бодсонгүй. Сэлгүүцсэнд ондууцлаа гэж бодоод эмээж байтал Бардай сэцэн сэлмээ суга татан улаан нөмрөгт эрийг чавчиваас цаадах нь гарыг нь даган гулдайн ойчиход сая сэхээ авч, сэлмээ шүүртэл хоёр гурван мэргэд цэрэг дайрч ирээд агдлан барьж, атгаж явсан саарыг нь булааж аваад Бардайд өгчихлөө. Харамсаж халаглах ямар ч зав гарсангүй. Нөгөө эрийн хүзүү хоолой цусанд будагдаад хөдөлгөөнгүй хэвтэхэд нэг цэрэг жадаараа хатгаж үзсэнээ зовхийг нь нээж харчихаад -Үхчихжээ гэж хэлснийг санана. Тэгэхэд л ямаршуу аюултай алдаа хийснээ ухаарч босон харайхад Бардай сэцэн хүйтнээр инээж:
- Бүү сандар. Сүбээдэйд өөр элч олдоно гэж тохуурхаж билээ. Шамдгайг аваад гарахад дарс зөөгч, эзнийхээ хамт улаан нөмрөгт үхдэлийг хөлөөс нь чирээд цаашаа орж байсан.
Худу нарын хувьд Шамдгайг байцаах, өчиг авах хэрэг байсангүй. Бардай сэцэн бүгдийг нь нэг нэгэнгүй дэлгээд өгөв. Шамдгайг зориуд баганаас уясан тул энэ бүх яриаг арга буюу сонсч тэсч ядахдаа Бардай сэцнийг харааж зүхэн цамнаж байв. Энэ нь тус болохоосоо ус болсон бололтой, Бардай сэцэн тачигнатал инээж:
- Миний үнэн хэлсэн эсэхийг энэ тугч нотлоод өгч байгаа биз дээ гэнэ. Үнэхээр Шамдгайн харуусал хорсолд эргэлзэх хүн байсангүй ээ.
- Сүбээдэй та нарыг довтуулахыг хүсч цэргээ задалсан. Түүний эцсийн найдлага бол зөвхөн би байгаа юм. Энэ тугч /Бардай түүнийг ер нэрээр нь хэлэхгүй байгааг өсөрхөл гэж Шамдгай үзэж байлаа./ намайг өдөөх байсан. Тэгэхээд одоо түүнийг ердөө энэ шөнө л довтлох хэрэгтэй. Дахиад жаахан удвал Тогучарын цэрэг хүрээд ирнэ гэж Бардай агдан өгүүлж байлаа. Бид урьхинд орно шүү дээ гэж Худуг хаширлахад:
- Ухинд оруулахын тулд урхи байх хэрэгтэй гэж Бардай сэцэн хашгираад
- Тугчийн хэл ирсэн үед л урхийг бэлтгэнэ. Эс тэгвэл манай харуул ажиглана шүү дээ гэжээ.
- Бардай сэцний зөв. Ийм завшааныг алдаж болохгүй гэж Гал хэлжээ. Гансран догшрох Шамдгайн дэргэд цааш ярилцахад хэцүү болсон тул Худу түүнийг хажуугийн өрөөнд оруулж вандан дээр хүлэхийг тушаажээ. Шинэ Гяндангийнх нь хана ороонго сүлжмэл байсан боохоор тэдний яриа Шамдгайд тодхон сонсдож байв.
- Алагдсан элч хэдийд Сүбээдэй дээр очих байсан бол гэж Худу асуулаа. Бардай сэцний хүнгэнэсэн дуу сонсдох нь:
- Миний явж ирсэнээр бол маргааш өглөө үүрээр болов уу, гэвч тэр арай хурдан довтолно гэвэл шөнө дүлээс наана очиж болох юм.
- Тэгэхээр Сүбээдэй ямар боловч энэ шөнө урхи зангаа бэлтгэж амжихгүй гэж үзэж болох уу?
- Бэлтгэх санаа ч төрөөгүй байгаа. Тийм отолт хийхэд цаг хугацаанаас гадна итгэлтэй мэдээ хэрэгтэй шүү дээ. Хэсэг байзнаад Худугийн бодлогоширсон намуухан дуу сонсогдлоо.
- Энэ бол бидний хувь заяаны эргэлтийн шөнө болж мэднэ. Болох ч байх. Эрхэм дүү нар минь өчүүхэн ч эргэлзээ бидэнд үлдэх ёсгүй.
- Тиймээ. Энэ удаа Гал ярив. Түүний эрэмгий дуу хоёр ахынхаас эрс ялгарч байв. Бид энэ газар ирээд яг арван нэгэн жил болж байна. Гэтэл тогтнон суурьших хөрс олдохгүй хэвээр. Хэдий болтол Хүчүлүгийг царайчлах юм бэ? Хэрвээ бид Сүбээдэйн цэргийг дарж чадвал ойн иргэдэд итгэл төрнө. Тэнд дахин бослого дэгдээж болно. Эрчис мөрнөөс инэгш чөлөөтэй зорчих зам нээгдэнэ. Довтлох хэрэгтэй.
- Сүбээдэйн бодол тодорсон нь хамгийн гол юм. /Чулуун үгээ зөөж, тун удаах ярих ажээ/ Тэр нутгийнханыг өдөөхөөс эмээгээд биднийг довтолж зүрхлэхгүй байна. Хэрэв Тогучар юм уу, Зэвийн цэрэг ирвэл тэр арай шийдмэг хөдлөх байх. Тэр цагт бидний хүч мөхөсдөнө. Тэгэхээр энд түүний заншлаач сүйрснийг ашиглахаас дээр зам үлдэхгүй л боллоо доо.
Дахиад хэсэг чимээгүй болов. Бардай биеэ барьж цэнэсэн бололтой, хөндий дүнсгэрхэн дуугаар:
- Би зөвхөн өөрийн санаанд л тулгуурлав. Авах, эсэх нь та бүхнийг хэрэг. Сүбээдэй удтал ингэж задгай байхгүй. Биднийг хөдөлгөж чадахгүй бол хүрээгээ цэгцэлж орхино. Тэр цагт арай л хэцүү байх болов уу.
Тэгтэл тэдэн дээр өөр хүн ирэв бололтой, мэнд амраа мэдэлцэх нь дуулдахад Шамдгай чих тавин сонслоо. Эмэгтэй хүн дуугарлаа. Тэр дуу тун танил, тэр тусмаа өчигдөрхөн сонссон мэт санагдаад Шамдгай гайхлаа.
-Бардай сэцэнд итгэхгүй бол та бүхний мөхлийн шороо пурхийх нь тэрдээ. Үүлс хуралдаж аадар зөгнөвч түүнийг хөөх салхи хэзээд байдаг. Шамдгай цочин чичрэв. Энэ бол нөгөө илбэч эмийн дуу байлаа. “Хөвгүүн чи ер бусийн хүн байна. Чамд энэ дарсны газар багадах юм. Чиний зүүн гарт үхлийн бугуйл, баруун гарт гал цацарсан илд байдаг юм байна” өчигдөр дарсны газарт сууж байхад илбэч эм түүнд ингэж хэлсэн билээ.
- За яахав. Аргыг аргаар. Тэд биднийг довтлуулах гэж хүссэн бол довтлое. Цэргийг хэн захирах вэ? Гэж Худу хэллээ.
- Би одсугай гэж Гал хэлэв.
- Би хошууч болохыг хүснэ./энэ Бардай сэцэн байв/
- Болтугай, Та хоёрт найман мянган цэрэг өгөе. Чимээгүй болчихлоо. Гал, Бардай сэцэн нар зөвлөж байх мэт. Чингэтэл Чулуун:
- Энд цэрэг барих нь ашиггүй. Бүх хүчээ зангидаж довтолсон нь дээр. Үгүй бол болье.
- Би өөрийгөө хамгаалах гэсэнгүй. Ямар ч үед бэлтгэл хүч хэрэгтэй.
- Гэнэтийн дайралт шүү дээ. Бүх цэрэг морийг газар дээрээс нь улируулан хэрэглэхээс биш эндээс илгээх арга байхгүй.
- За тэгвэл бүх цэргийг авч морд.
- Харуул, хийгээд шадар отгийн мянган цэргийг үлдээ?. Нөгөө мянгатыг Бардай сэцэн авч магнайд гараг. Шамдгай хорсон бачимдсандаа ванданг толгойгоороо нүдэв. Энэ чимээг анзаарсан бололтой хананы цаана мэргидүүд инээлдэв. Энэ тугчийг би авч явьяа. Довтлон орохын өмнө тугчийнх нь тэргүүнээр тугаа тахивал Мэргидийн онгон баясах буйзаа гэх нь Бардай сэцний дуу мөн байлаа. Тэгээд тэд гарч одоцгоожээ.
Шамдгайг вандангаас суллан авч гарахад их цэрэг хэдийнэ жигдрэн жагссан байв. Нар баруунш ялиггүй тонгойж, цэлмэг сайхан, мэргидийн туг хуар сэрэлзэж давтмал хуягаа зүүсэн Бардай сэцэн омог бардам хөндөлдөнө. Хос илд зүүчихэж. Мөн гайхуулав аа. Нэг нь өөрийнх нь мөн байхыг Шамдгай таньж, эсэн мэнд атлаа зэвсгээ алдсандаа гутарсан нь тоймгүй. Очиж, очиж өөрийнхөө илдэнд хороогдох нь ээ. Нурууных нь шархыг эдгээх гэж Шамдгай үнэн голоосоо хичээсэн юмсан. Ингэх л гэж хичээж дээ. Яг хөдлөхийн өмнө Гал давхиж ирээд Бардай сэцэнд:
- Абжай хатан тантай хамт тэргүүн эгнээнд дайтахыг хүсчээ. Ардаа авагтун гэхэд Бардай ёслоод:
- Хүчүлүг ханы хатан дайчин хүн гэж сонссон. Надад түшиг болох буй за гэжээ. Шамдгай тэр хүнийг харвал зэгзгэр гоолиг биеийг нь аг барьсан гоёмсог зүймэл хуягтай агаад уран цоолбортой алт шармал дуулганыхаа саравчийг нүүрээ битүүлэн буулгасан тул үл танигдах, гэхдээ эм хүн гэдэг нь мэдэгдэх нэгэн ажгуу. Магнайн содон урт иштэй хөх хиурыг нэгэнт сажлахад хойш хойшоо мянгат бүрийн эхэнд байх ижил хиур хөдөлж, улмаар их цэрэг замдаа гарлаа.
… Харанхуй болохын өмнө л нэг удаа ганц мөчийн төдий зогсож, эмээлээ авч морьдын нурууг амрааснаас өөрөөр саатаагүйг бодоод одоо Хөвөө голд тун дөхсөнийг гадарлаж, Шамдгайн нуруугаар хүйт даалаа. Хотул хаан шиг хоолойтой бол хашгирахсан даа.
Түүний зовнилийг гадарласан аятай хэн нэг нь шүргэн хүрч ирээд урагш нь таслан хөөх шиг болов. Харанхуйд Бардай сэцний дуулганы хэлбэрийг бүрэг бараг таньсан тугч цэрэг тэр хоромд өөрийн эрхгүй цочиж “Ингээд дуусах нь гэж үү” гэсэн хоолой хорсгом жихүүн бодол харван орж иржээ. Тэгтэл…

XI бүлэг.
Насирбек Сүбээдэй баатрын өрөөнд дуудагдаж, орж ирээд багагүй гайхлаа. Баатар бүрэн хуяглаж, зэр зэвсгээ зүүгээд царайд нь дарж далдалшгүй баяр жавхлан, бас түгшүүр зовнил хослон тодорч байв.
- Та энэ шөнө бас л унтахгүй нь. Гэвч шанд нь сайхан зүйл үзэх вий. Тийшээ зогсож, олон өдрийнхөө эргэлзээг бага ч атугай тайлагтун гэж Сүбээдэй хэлээд эл найрсаг бадлаа тэр дороо арилгаж хоёр жигүүрлэн зогссон дарга нараа ширүүн харж:
- Бурундай илтгэгтүн гэлээ.
- Ууланд байгаа хоёр мянгат байрлалаа эзэлсэн. Мэргидийн хэсүүл хийгээд суурин харуулийн сүлжээ замыг тогтоож, халах сэлгэх цагийг гаргасан. Дохио өгмөгц Терликун сууринаас нааших бүх харуулыг хомроглон баривчилж ирэхэд бэлэн буй гэж Бурундай айлтгалаа.
Сүбээдэй баатар ширээн дээр газрын зураг дэлгэхэд мянганы ноёд ойртон очиж, тойрон зогслоо. Насирбек тэр зургийг ихэд шохоорхоно. өнгө ялгаж, уулын өндөр нам, даваа гарц, зам харгуйг тэмдэглэсэн нь ялгуум тодорхой, хот суурин тарианы газар, худаг, булаг ч бүгд эндээс мэдэгдэх бололтой.
- Бурундай сонс. өөрийнхөө газрын дээсийг тогтоож ав. Дохиог эндээс түүдэг галаар өгнө. Мэргидийн хорооноос Хөвөө голын гарам чиглэх замыг хичээж цэвэрлэ. Нэг ч хүн үлдээж болохгүй. Төмөр тэргүүд тулж ирмэгц тэндээс байлдах жагсаалыг жагсаа. Буу гурав дуугарахаас нааш сацлан харвах ба алалдан орохыг хориглоно. Гагцхүү сүр үзүүлэхийг сайтар хичээ. Одогтун. Гэж Сүбээдэйг хэлэхэд Бурундай ёслон гарч одлоо.
- Нэмэгт илтгэ.
- Тэрэг жагсаах өндөрлөгүүдийг товлосон нэг цагийн дотор багтаан аваачих болно. Тэрэг бүхэнд гал харвах ба сацах оньсийг бэлэн болгосон. Дарь, шүү, өнгөт гал гаргах үртэс цөм хангалттай.
- Болжээ. Даруй одож тэргийг дөрвөн зүгт байрлуул. Буу нэг дуугарахад гал сацагтун, бас өнгөт галыг үүсгэ. Буу хоёр удаа дуугарвал гал харвана. Гурван удаа дуугарвал байлдааны цэнэгээр харвах хэрэгтэй. Дохиог бүү алдаж эндэгтүн.
Мянганы ноён Нэмэгт зарилгыг хүлээн авч одлоо.
- Урианханы дөрвөн мянгат, харлуг, алимарын мянгатууд цаазыг сонс. Энэ бол гээд Сүбээдэй зураг дээр хатгаж: Чүй мөрөнд тулсан Илийн Алтайн шувтрах Хар үзүүр уул. Манай хүрээнээс өрнөш арван хоёр бээр зайд бий. Энэ уул Бестиш хөндийг эмжинэ. Ууланд та нар бүгэх болно. Аль болох их дэлгээ жагсаалаар тэлэгтүн. Мэргидийн цэрэг хөндийд орж ирээд амсхийж жагсаалаа эмхэлнэ. Энэ үед өрнөд, жигүүрээ тэлж, дайсны араар ороогоод энэ шугуйд тултал гурван цувраа байдлаар эгнээгээ жигдрүүлж авах ёстой. Эхний буу тавихад төмөр тэргүүд гал сацна. Та нар өөрсдийн эзэлсэн байрлалыг илэрхийлэн, хүрэлцэхүйц бамбар ноцоон, уухайлж дэмжигтүн. Буу гурав дахиа дуугарахад сая довтлон орж болно.
Мянганы зургаан ноён захиаг хүлээн цэргээ бэлтгэхээр цувран гарлаа.
-Тэвэг ноён чиний хариуцсан үйлс бэлэн үү? Алдарт жанжин Хуйлдарын хөвгүүн, мангудын гавшгай мянганы ахлагч, шаантаг шиг чийрэг тэвхгэр эр урагш гарч:
- Бүгдийг ёсоор болгосон. Энэ өдөр хүрээнд ирсэн бүх арилжаачдыг саатуулсан. Тэд тайван тохитой газарт таны зарлигийг хүлээж байгаа гэвэл Сүбээдэй:
- Тэднийг өглөө болтол байлга. Бас хүрээний эргэн тойрны таван бээрт байгаа бүх хүмүүсийг эр, эм харан, ноён гэж ялгалгүй албадан саатуул. Хүрээний амар амгалан хийгээд, мэргидэд хэл болох бүхий л шижмийг таслах нь чиний үүрэг мөн. Даруй одогтун.
Тэвэгийг гарсаны дараа өргөөнд Сүбээдэй, Насир хоёроос гадна уйгарын мянганы ноён Барстегин, гавшгай зуутын ахлагч Аругчу нар л үлджээ.
-Барстегин та энэ газрыг сайн мэдэх тул цэргээ хувааж, найдвартай хүмүүсээр захируулан төмөр тэрэгнүүдийг хамгаална. Тэрэгнүүд газрын өндөр хийгээд бартааг аван байрлах болохоор мэргидүүд зоргоор халдаж чадахгүй. Гэвч тэд бууж өгөхгүй бол урагшлах болно. Тэр цагт Нэмэгт лүгээ хавсран ор. Гурав дахь буун дуу эцсийн дохио. Бусад дохио, тэмдэг хуучнаараа буй гэж Сүбээдэй заалаа.
Барстегин гарч одов.
Олон анги, багийг улируулан зарж илгээж энэ ажилд нэг бүтэн мөчийн төдий ч хугацаа орсонгүй. Их бага тулалдаан, өрнө дорнын олон жанждыг үзэж өнгөрүүлсэн Насирбекийн нүдэнд Сүбээдэй дахин томорч, товойж харагдлаа. Харин үүнийгээ баатар анзаарсангүй, Ауругчуг дуудаж:
- Чиний зуут намайг дагаж одно. Галын хэрэглэл ба дуут зэвсэгийг сайтар базаа. Туг хиур, харанга, бүрээг шалгаж, хэрэглэх үед саатахад бүү хүргүүл. Зарч нарын хөтөлгөө морьдыг үзэж, нуруугаа холгосон, доголсон нь байвал солиул. Шилмэл агтыг чиний мэдэлд өгсүгэй гэж тушаалаа. Сүбээдэй хэдэн хором нам гүм зогсов.
Төвлөвлөсөн цохилтынхоо уялдаа холбоог тэрбээр сүүлчийн удаа нягтлан тунгаахдаа өчүүхэн төдий ч эргэлзээтэй газар байвал бүгдийг нь зогсоож дахин эхлэхэд бэлэн байх мэт харагдана. Тэгээд тийм дутуу хүтүү зүйл олоогүй бололтой царай нь эерүү болж, агсаргаа чангалаад шөнийн чийгнээс хамгаалах нарийн цэмбэн хивнэгээ хөдөрч бүчлэх зуур Насирын зүг мишээсхийж:
- Одоо хамаг хүндийг жанжин, цэргүүд маань үүрч гарах боллоо. Чи надад хань болж, энэ шөнийн сонин үзмэрийг харж цэнгэгтүн. Алалдах цаг тулваас хамгийн хүнд газарт чамайг илгээнэ гэдгээ амлая гэжээ. Насирбек баярласнаа илтгэн гүнээ мэхийн ёсоллоо.
Тэрбээр энд үүнээс илүү үүрэг оногдохгүй гэдгийг одоо сайн ойлгох болжээ. Хажуудаа сонирхогчгүй байх нь хамгийн суут жанжинд ч атугай заримдаа гомдолтой санагддаг байж магадгүй юм.
- Бидэнд бас нэг хань бий шүү гээд Сүбээдэй дэнгийн цутгамал суурийг хуягныхаа ханцуйвчаар хөнгөхөн шүргэхэд ялдам цангинасан дуу гарч, төдөлгүй аян дайны гэмээргүй хөнгөн хувцастай залуу орж ирлээ. Хэдийбээр улаан нөмрөг, тасамтай богино дээлээ сольсон ч түүнийг саяхан өөрийн биеэр дагуулж Сүбээдэй баатарт учруулсан нөгөө толгой нүцгэн залуу мөн гэдгийг Насир танилаа. Энэ удаа залуу тов маягтай ширмэл эсгий малгай духдуулсан байв.
- Энэ хүн бол онходын Чигчидэй. Хэргэм цол нь мянганы ноёноос хэтэрсэн боловч одоохондоо олонд зарлаагүй, албат хөрөнгөө ч эзэмшихээс түдгэлзэж байгаа хүн дээ гэж Сүбээдэйг хэлэхэд энэ бүхэн хошигнол гэдгийг ойлгуулах маягтай Насирбекийн өөдөөс нүд ирмэн дохих мөртөө Сүбээдэй баатрыг зэмлэнгүй харав.
Урианханы жанжин царайгаа төв болгож:
- Насирбекээ, Чигчидэй нас залуу боловч үзсэн сурсан нь их, хийж чаддаг нь бүр ч илүү байж магад. Онход хөвгүүн минь, намайг битгий харцаараа шавхуурдаад бай. Би хэтрүүлэхгүй гээд Насирбекийг анхаар гэсэн бололтой, дунд хуруугаа нийлүүлэн огцом зангаж:
- Чигчидэй бол Толуй эзний шадар, хөвгүүдийнх нь багш билээ. Энэ хүн ойрын хэдэн жил тангуд, жүрчин, кидан иргэний дунд байж буруу сурталт ноёдынх нь зүрхийг үхүүлсэн тул түр наашаа зайлж ирээд байгаа юм. Цаашид нангиадын Сүн улстой тоглох хол бодлого дэвсгэрлэж яваа. Миний бодоход өмнөд далай ч бас манай онход залуугийн хүрээд зогсох газар биш. Энэ бүхнийг ярьсаны учир гэвэл Насирбек чи энэ аянаас буцаж Хархүрэм буух хүртэлд Чигчидэйтэй нэгэн гал болж яваад төрөлх нутаг ус, хүн зоныхоо тухай сайтар ярьж өгвөл сайн байна. Багдад, Басра, Еруслим, Али-Искандери, Ром гээд агуу их хотууд, суу зальт Саладин, хүчирхэг нутагт Иннокентий, англи норманы Арслан зүрхт хааны тухай ер нь бүгдийн тухай бид сонсч авах хэрэгтэй. Үүний тулд би та хоёрыг уулзууллаа гээд хоёулан өөд ээлжлэн харахад Чигчидэй эхлэн урагш алхаж, Насирбек тосон гарав. Тэд харилцан ёслохдоо бие биеэ сонирхон ажигласныг өгүүлэх юун.
Насирбекийн хувьд онход залуугийн цэх шулуун харц, энгүүн элэгсэг байдал таатай санагдсан бол Чигчидэйд сирийн удамт баатрын уй шингэсэн хөнхөр нүдний харц, буурал суусан өтгөн хууз, нэг хоёроор ч зогсохгүй сорвитой уудам магнай нь нэн өөр ертөнц нээгдэхийг бэлгэдэх мэт сайхан сэтгэгдэл төрүүлж билээ.
Аругчугийн зуут, Сүбээдэйн цэргийн сүлдийг дундаа залан хөдлөхөд харанхуйн дунд эзэнгүй мэт эл хуль оргисон хүрээ дүнсийн хоцорлоо. Гэвч энд соргог хорчингууд нүд ирмэлгүй солбицон тойрсоор, мангуудын цөс ихт дайчид хулгана, зурмын гүйлдэхийг ч алдалгүй ажиглан эргэцэж байгааг тэр бүр үл мэднэм зээ.

3 comments:

Б.Номинчимэд said...

Blogiin eznees neg huseh zuil baina aa, sorry. Bolomjtoi bol buleg tus bur deer ni ene zohioliin autoriin neriig bichij baival bayarlah baina. Uchir ni ene zohioliig Web huudsand bairluulah erhiig ni zohiogchoos ni guij avaad, tsag zav gargan bichij oruulsan hunii huvid ni ingeed ner uzgui tarj buid ni zphiolchos ni jaahan sanaa zovood baina. Taniig oilgoh baih gej bodoj baina. Ug ni olon hund hurgej baigaa ni saishaaltai, ih sain zohiol baigaa yum. 1993 ond bichigdsen.
Bas bolomjtoi bol tatsan link-ee davhar tavij baihiig husye.
Tanid amjilt

namuuhai said...

Блогт минь зочилж сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Таны сэтгэлийг чилээж, санааг тань сэвтүүлсэндээ хүлцэл өчье. Таны хүсэлтийг хүлээн авах нь миний хувьд зүй ёсны хэрэг буйзаа. Урьд бичсэн бичлэгүүдээ засаж зохиогчийн нэр болон dayarmongol вэб хуудасны нэрийг оруулах гэж байна. Үүнийг надад сануулсанд баярлалаа. Миний бие цаашид ийм алдаа гаргахгүй байхыг үргэлж хичээх болно. Таны ажил үйлсэд амжилт хүсье.

Anonymous said...

namuuhai-d
Ikh bayarlalaa.
Nomin.B