2007/11/20

Саран Зэв - Үргэлжлэл

Зохиолч Т.МАНДИР

dayarmongol.com вэб хуудаснаас авав.


II Бүлэг

Хэдхэн хормын өмнө догдлон шохоорхоод байсан нөгөө чачиртаа Насирыг туугдан ороход Сүбээдэй баатар ганцаараа байлаа. Дэлхийг донсолгох амаргүй замналаа нэгэнт эхэлчихээд байсан Монголын гарамгай жанжин, урианханы Сүбээдэй баатар тэр үед дөчин нэгэн настай байжээ. Түүний гурвалжин хар нүдний нь догшин харцыг угсаа нэгт монголын олон аймаг төдийгүй жүрчидийн Алтан, нангиадын Сүн улсын түшмэд жанжид андахгүй болсон үе юм. Сүбээдэй баатар зузаан эсгий дэвсгэр дээр өрөөсөн хөлөө нугалан суугаад айраг ууж байв. Орж ирэгсэдийг төдий л тоомжиргүй угтах мэт санагдсан тул Насир дотроо баярлав.

- Энэ хүн таны чачирыг хоёр удаа тандан ажиглав. Зүй нь өчиггүй хороох учиртай боловч “үг буй” гэсэн тул арга буюу золгууллаа хэмээн нэг хэвтүүл айлтгав. Сүбээдэй Насирыг анхааралтай ширтэв. Сири дайчин, энэ л хоромд хувь заяагаа хөөдчихгүй байх ёстойг ухаарч, биеэ сул тавин өөдөөс нь аль болохоор тайвнаар харж зогсов. Сүбээдэй түүнээс сэжигтэй зүйл олж харсангүй бололтой, хултай айргаа авах зуур,

- Тийн болтугай. Үүнийг орхиж одогтун гэж тушаалаа. Хоёр хэвтүүлийг гарсаны дараа Насирын сэтгэл сая амарч уртаар амьсгаа авлаа. Үүнийг нь анзаарсан Сүбээдэй богинохон хар живрээ илбэн инээмсэглээд:

- Энэ шөнө надтай цуг нойргүй хоносныг бодоход та лав их үйлийг бодолхийлсон буй заа. Таны царайд сэтгэл тэлэгдсэн шинж илэрхий. Тухтай яригтун. Тийшээ суу гэж эсрэг доод тал руугаа зангалаа. Насир тэнд очиж, ёс алдахгүйг хичээн баруун өвдгөө босгон нугалан суугаад үгээ шууд эхэлж төвдөлгүй хэсэг азнав. Үнэндээ ч саяын амь дэнссэн мөч мартагдах болоогүй, зүрх нь тун ч захирагдахгүй оволзон байжээ. Баатар ч түүнийг шавдуулсангүй, айргаа амтаран алгуур шимнэ.

- Өчүүхэн би үзвээс урьд оройны элчийн үг таныг ихэд эвгүйцүүлсэн мэт. Хэрвээ би ташаарсан аваас өршөөн хэлтрүүлнэ үү гэж Насир болгоомжтой эхлэв.

- Та андуурсангүй гэж Сүбээдэй хэлээд: Тэр мэдээний муу үр дагаварыг хялбар хэлэхүйеэ бэрх. Одоо чухам санаа байваас өгүүлдэг цаг мөн гэж хөтлөх аястай өгүүлэв. Насир багахан зоригжлоо.

- Эрхэм та эрхбиш нэг тийш болгоон тогтоосон буй заа. Гэвч мөхөс миний цээжинд чиглэрсэн санааг гарган хэлэхгүй бол шударгыг гүйцэтгээгүй хэрэг болох болов уу хэмээн эмээнэ гэж Насир хэлээд эзэн баатар нь эелдгээр толгой дохиж байхыг үзэж, биеэ цэхлэн засмал ногтон сахлаа нэгэнтээ зоримог шувтарсанаа:

- Мэргидийн байдал нэгэнт тодорхой мэдэгдэх тул цаг алдалгүй довтлон орвол зохилтой. Тэдний оргон дутааж болох мөрний оломд урьдаар цэрэг бүгүүлж, дараа нь их цэргээр дайрая. Энэ өдөрт багтаан цэрэг морио хуваан хөдөлгөвөл би дуртайяа хошууч цэргийн эгнээнд багтаж, Их хааны хишигт өчүүхэн хариулсугай гэв.
Сүбээдэй дуугүй сууна. Зөндөө л юм яримаар, тэр ч байтугай цэрэг ангиа хэрхэн хувиарлах, орох, эгэх цаг мөчийг яахан тогтоохыг шөнөжин бодсон мөртлөө хэлэх үг нь гэнэт дуусчихаар энэ идэр жанжины тогтуун ухаалаг харцны өмнө балчирдаж орхих шиг санагдсан тул Насир эвгүйцэн дэмий л мөрөө хавчив. Сүбээдэй тонгойн үйсэн бортоготой айргийг шуугитал хутгалаа. Тэгээд зосон бүслүүртэй хулаар дүүргэж аваад асуусан нь:

- Та Мохаммед шахын элчийг дагаж, мэргидийн Худуд бараалхсан удаатай гэсэн байх аа.

- Тиймээ, хоёр жилийн өмнө гэж Насир хариулав.

- Би ташаараагүй бол тэр цагт Хүчүлүгийн эсрэг холбоонд мэргидийг элсүүлэх гэж Хорезм шах оролдсон. Худу ноён аль ч талд орохгүй гэж амласан мөртлөө дараа жил хотонгийн 613 -р оны хаврын будилаанаар найманы оргодол ханыг дэмжсэн санагдана.

- Хижрийн тоолол гэдэг юм гэж Насир засварлав. Сүбээдэй үл мэдэг инээмсэглэснээ:

- Тэр үймээн танд нээрээ халтайхан өндөрлөснийг би сонссон шиг. Таныг надад жуучлахдаа Доголху ноёнтон нэг үг цухуйлгаж байсан. Нойр алдаж ядраагүй бол тэр явдлаа ярь л даа. Миний нойр ч цэлмэчихлээ. Ингэсгээд өглөөний унд ирнэ. Таныг би зочин болгож хүндэлсүгэй гэвэл Насирын хүрэн царай үл мэдэг улбартаад бяцхан бодмоглосноо нэгэнт эзэн найрсаг байхад өөрөө хөндий дөндий байх шалтгаан үгүй мэт санагдсан тул иймэрхүү үед байх болох хэмжээнд хээгүйхэн инээгээд суудлаа засан тухлав. Гадаа үүр цайж эхэлээ. Дэнгийн гэрэл бараг мэдэгдэхгүй болсон тул Сүбээдэй бөхөөгөөд айраг хэрэглэдэггүй хэлмэрчээ хоолойгоо норгог гэж дэргэдэх явган ширээн дээрээс шимүүс хэмээх алимны өтгөн хандыг бахим шавар аяганы хамт дөхүүлэв. Насир нэг аяга шимүүс залгилчихаад сахлаа зассанаа яриагаа ийн эхлэв.

-Уйгур, Алимар цөм Чингис хаанд хандаж, мэргидийн үлдэгдэл Хар Киданыг дэмжих нь эргэлзээгүй болсон тул Мохаммед шах, Хүчүлүгийг өөрийн хүчээр няцаахаас өөр аргагүй болсон юм. Гэтэл түүний доорх жанжид, ноёд дор бүрээ хувиа хичээж, бас хивчаг хадмууд нь түүнийг туркменүүдтэй хагаралдуулсанаас болж, шах маань тун хэцүү байдалд орлоо. Би тэр үес шахын ордонд нэр нүүрээ нэмэхийн тулд давын өмнө Төмөр Мэлигийг гүйцэх хэрэгтэй байлаа. Мэлиг ван бол Шах Мохаммед, түүний түрэг хатны хүү Желал эд Дин хоёрыг л эзнээ гэж үздэг, үнэнч баатар эр билээ.

- Гэхдээ тэр чинь тусдаа хот балгад, албат иргэдтэй том эзэн шүү дээ гэж Сүбээдэй баатар хэлэв.

- Чухам тиймдээ ч тэр Турхан хатны талынханыг одоо болтол айлгасаар байгаа юм гэж Насир нэмээд:

- Насан туршдаа их эздийг царайчилж, тэдний анхааралд өртөх гэж зүтгэсээр өнгөрсөн миний амьдралын гашууныг гадарлах хүн ховор биз ээ. Хэдэн жил барлаг мэт царайлж, итгэгдсэнийхээ төлөө шахад шадарлах боломж гарлаа гэж үзээд би найманы овжин залуу ханыг доройтуулах арга боловсруулж, Мохаммедийг ганцаар байх эвийг тааруулан ятгаж амжсан юм. Миний төлөвлөгөө товчхон, биелэхэд хялбар байв. Хорезм бол угаасаа Хар Киданд алба өргөж байсан, сүүлийн хэдэн жилд үүнийгээ больсон боловч хэрүүл маргаан ихтэй, нэг тал руу нь шийдээгүй байв. Тийм болохоор би “Хоёр улсыг хил нийлэх хотод Хорезм алба өргөнө. Киданы хан заавал өөрөө хүлээж ав” гэж шаардаад тэнд нь Хүчүлүгийг баривчлахаар бодсон юм. Мохаммед шах миний саналыг маш дуртай зөвшөөрч, хийх үйлдлийг бүгдийг өөрөө даа гэж тушаалаа. Тэгээд Төмөр Мэлиг байтугай хаан хүү Желал ад Дин ч захирч үзээгүй шахын торгон цэрэг миний мэдэлд ороод ирэх нь тэр. Би ч хөдөллөө. Хоёр өдрийн дотор жин тан болгон, ганц гол зүйл бэлгийн манлай болох хүүхнээ хүлээж байлаа. Хүүхэн худалдаж авахаар би өрөө яваагүй юм л даа.

- Яагаад тэр вэ? Миний бодоход цэрэг бүгүүлэхээс илүү энэ чинь л бүхнийг шийдэх байсан бус уу? гэж Сүбээдэй эрсхэн хэлэв. Насир царайгаа арайлгаж:

- Таны зөв. Гэхдээ л би явж болохгүй байсан юм гэж зөрөв.

- Энэ ч жанжин хүний тайлбар биш байна гэж Сүбээдэй тайвнаар мохоовол цаадах нь:

- Миний амьдралын эгзэгтэй үед бүсгүйчүүд л гай болдог байсан юм. Тэгээд л би зайлсхийсэн хэрэг л дээ гэж дурамжхан тайлбарлав.

- Тэгвэл эхнээсээ буруу болчихож. Эмсийг оруулалгүйгээр тийм ов зохиоход таны туршлага хангалттай хүрэлцэх байсан даа. Насир алгаа дэлгэн өөдөө хараад:

- Бүгдийг Аллах тэнгэр мэднэ гэснээ: Энэ бүхэн одоо нэгэнт өнгөрчээ. Хоёрдахь өдрийн орой нэгэн эмэгтэйг авчрав. Хүүхэн ч гэж хүүхэн. Түрэг маягийн эрс хурц биш, талынханы цустай бололтой тавиун царайтай, харц нь л дэндүү зоримог байсан даа. Аа тийм, түүний зүүн нүдний доор эгдүүтэй зохисон мэнгэ байж билээ. Та “Мянга нэгэн шөнийн үлгэрийг мэдэх үү?

- Хацар дээрээ мэнгэтэй гэж түүнийг бүү басамжил!

Хар цэг бүхнээр сарнай цэцгийг тэмдэглэжээ гэж Сүбээдэй баатрыг хэлэхэд Насир алгаа ташиж:

- Чухам тэр шүлэг санаанд орсондоо. Түүнийг сүйхэнд суулгахад ичингүйрсэн шинжгүй, харин ч шийдсэн, нэг л хачин зоримог эршүүд байсанд би гайхаж байснаа санаж байна гэв. Сүбээдэй айргаа дуусгалгүй тавьж, түүнийг нэг жигтэй ширтсэнээ,

- Тийм мэнгийг “нулимс тоссон мэнгэ” гэдэг юм. Нулимс тоссон эр, эм хэн боловч аз жаргал дутуу байх төөрөгтэй юм гэнэ билээ гэж бодлогошронгүй хэлэв. Насир энэ үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд:

- Товлосон газраа бид хүлээлээ: Нар нэлээд дээр хөөрөх үед Хар Киданы элч нарын бараа харагдав. Хүчүлүгийн улаан хөх алагласан шүхэр дэрвэлзэн ойртож байгааг би байж ядан ажиглаж байтал хажууд байсан торгон цэргийн даамал миний мөрнөөс угз татан хашгирсан. Харвал нөгөө бүсгүй Хүчүлүлт зориулсан өргөөнөөс гараад ирчихсэн, морьд руу гүйж байлаа. Хоёр ч цэрэг барьж авах гэж гүйн очоод тэрий хадан ойчихыг би чухам мэл гайхан харж байсан даа. Тэр агшинд юу хийх ёстой байснаа одоо болтол ойлгодоггүй юм. Харин даамал сэхээтэй эр байж, хэдийнэ сумаа онилж амжжээ. Би хориглож амжсангүй, ямар ч гэсэн үйл бүтэхээ байсныг ойлгоод нэмэрт нь гэмгүй эм хүний амь хохироогоод яахав гэж бодсон хэрэг. Морь унаж амжсан ч гэсэн тэр бүсгүй зугтаж яваад нуруундаа сум зоолгох бүсгүй биш байжээ. Даамлыг хөвчөө тавингуут хүүхэн эмээл дээрээ ямар уран холбирсоныг би ер мартахгүй. Хөөрхий амьтан дөрөөндөө чирэгдээ болов уу гээд хартал үгүй шүү, сум тээр цаана тоос манасхийлгэж, бүсгүй хэдийн эмээл дээрээ гарчихаад Хүчүлүгийнхэний өөдөөс дүүлж байгаа нь ямар ч жигитээс дутахгүй харагдаж билээ. Насир ийнхүү үгээ төгсгөөд мэнгэт бүсгүй хэрхэн давхиж байсныг сэргээн санах аятай чачрын хаяаг ширтэн бодлогошров.

- Тэгээд та Хорезм шахад юу гэж хэлж мултрав? гэж Сүбээдэй сонирхлоо.

- Мэнд мултрах хариулт олох байсан бол би өдийд энд байхгүй буй заа гэж Насир эр баатрын ёсоор гудиггүй хариулаад: Дөчин нас хүрсэнээсээ хойш би азаа туршихаас ямагт эмээдэг болжээ. Хүчүлүгийн зуут буцаж одоход би цэргүүдээ бүгээнээс нь гаргаж, даамалд нь захируулан явуулчихаад өөрөө мөргөлчний хувцас өмч Алимарын зүг хэрэн одсон. Түүнээс наашхийг та сайн мэдэх билээ.

Сүбээдэй сири дайчныг гуниггүй хүрэн царайг элэгсэгээр ширтэж, -Илд агсах заяатай төрсөн бид мэтийн хувьд иймэрхүү явдал өдөр шөнө ээлжилдэг шиг ердийн хэрэг. Та үүнийг надаас илүү мэдэх болохоор би өөр юу хэлэхсэн билээ. өглөөний унд барих болчихож, Та ёсоо ёслогтун. Би нүүр гараа угаасугай гээд гарлаа.

Буурч нар баатрын чачарт идээ засах зуур Насир өглөөний мөргөлөө тун хичээнгүйлэн үйлджээ. Зоогийн дараа Сүбээдэй, Насирт хандаж:

- Эрхэм баатар та их үйлийн төлөө чин сэтгэлээсээ санаа тавьсаныг би сайтар ойлгов. Гэвч таны төлөвлөгөөг биелүүлэхэд харшлах учир шалтгаан хэд хэд байна даа гээд үгээ таслан саатахад саях урт ярианы турш Сүбээдэйг ажиглэн байсан Насир иймэрхүү хариулт ирэхийг багцаалсан болохоор сэтгэл төдий л хямарсангүй. Сүбээдэй шөрмөслөг урт хуруугаараа жигдхэн зангаж, үргэлжлэн хэлсэн нь:

- Мэргэд бол отож, бүгэх, тагнах заншлахдаа угсаа нэгт бусад улс аймгуудаас давна уу гэхээс дутахгүй. Одоо тэдний шивээлсэн хот руу хагас анги цэрэг байтугай бүдүүхэн шумуул ч нууцаар ойртож чадахгүй. Хэдийгээр манай аяны харуул хосгүй сэргэг боловч энэ хэр хүрээнд мэргэдийн нүд чих ороод ирсэн байхад би лав гайхахгүй. Хамгийн хэцүү нь тэд одоо нэгэнт бидэнтэй таслан байлдах хүсэлгүй байгаа явдал мөн. Хүчүлэг тэдэнд туслах боломжгүй байгаа учраас тэд биднийг дахиад хорин бээр дөхвөл шууд сарнин дутаах болно. Чингивээс тэд дахин нэг газар одож аюулын хүрээг улам нэмэгдүүлнэ. Хорезм шахад очих уу, бүр хивчаагийн хээр хөдөө тал өөд цойлчих болов уу. Үүнийг таахад бэрх юм.

- Тэгвэл бид урагшлах ч, ухрах ч аргагүй болчихсон биш үү гэж Насир хэлчихээд түргэдсэнээ ойлгон дуугаа хураав. Сүбээдэй энэ үгэнд эгдүүцсэнгүй инээвхийлэн сууснаа:

- Та энэ газарт нэлээд суусан хүн. Дарсных нь сайн мууг мэдэх буй заа гэвэл Насир:

- Шахын ордонд татварлаж авдаг бүхий л дарсыг нь амссан байх аа гэж дарууханаар хариуллаа.

- Тун сайн гэж Сүбээдэй сэтгэл хангалуун дуугараад:

- Танд одоо бие хамгаалах баг цэрэг өгнө. Ойр орчмын айл, гацаагаар явж надад нэг тэрэг сайн дарс олж ир. Жин үд хэвийхээс өмнө амжуулагтун гэж тушаалаа. Монголчуудын дунд орсоноос хойш тэд архийг ямаршуухан журамтай хэрэглэдгийг мэдэх болсон Насир эзнийхээ энэ тушаалд гайхахын дээдээр гайхжээ. Гэвч өчүүхэн хэлмэрч бээр саяхан эзэн жанжиндаа байлдах аргыг нь заах бүдүүн санаа төрсөн, харин одоо тушаалийнх нь учрыг лавлах гэдэг арай ч дэндсэн хэрэг болох нь магад тул даруй босч ёслон гараад, хөсгийн даамлаас дарсны мөнгийг авахаас өөр зам байсангүй ээ.

No comments: