2007/11/15

Саран Зэв

за блог маань өмхийрч байх шиг байна. Үнэндээ миний бичих чадвар дутаад байгаа юм уу яагаад байгаа юм нэг л бичиж чадахгүй, бичих ч юм олдохгүй нэг л хачин байх юм. Ямар ч байсан нэг бичлэг оруулахаар шийдлээ. Энэ зохиолыг www.dayarmongol.com сайтаас авсан болно.

Т.МАНДИР

САРАН ЗЭВ /Түүхэн тууж/

“Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ авч яваад Мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвгүүдийг нэхэн довтолж, Чүй мөрний тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв”
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО

I Бүлэг .

Арай л дуу алдан ёололгүй гараа татаж аваад Насир баатар аман дотроо харааж гэдрэг суув. Энэ Монгол цэргийн хэвтүүл манаа гэгч үнэхээр далдын сахиулсан мэт аймаар этгээдүүд. Хаана байгаа нь мэдэгдэхгүй мөртөө хаагуур ч гишгүүлэхгүй байж чадна. Овон товон бараадаад хэвтэж байдаг юм уу гэтэл биш, гортигийн гадуур алхмагц дэргэд илдээ шархийлгэж байдаг нь сонин.

Гараа үлээгээд асрын хагас сөхөөтэй үүдээр цайрах хуучин сарны гэрэлд харвал арай л арьс, хөрсийг нь хуулчихаагүй бололтой. Хальт өшиглөв үү, эсвэл жадныхаа ишээр зориуд хөнгөн хусаж цохив уу гэдгийг Насир ялгасангүй. Ялгаад ч яах юм билээ. Хэвтүүлийн чимээ сураг дахиад мэдэгдсэнгүй. Гэвч тэр асрынхаа бааданг дахиж сөхөхөөс түдгэлзэв. Ямар боловч Сүбээдэй баатрын чачир гэрэлтэй байгааг ажлаа. Тэгэхээр тэр хүн унтаагүй байгаа хэрэг. Хэлмэрч нь энд сэтгэл зовж суухад хэргийг даасан эзэн жанжин тэнд нойрсож байна ч гэж яаж байх билээ. Юу бодож, юу сэдэж байгааг мэдэхсэн гэж учиргүй хорхойтсондоо Насир гайхаж, өөрийгөө шоолж суулаа.

Хааш хаашаа зургаахан алхамын энэ жижиг мөртөө хээнцэр асар түүнийх юм. Нэг жилийн өмнө Хар Киданаас оргож гарахдаа овоо зэгсэн хөрөнгөнөөсөө аян замд авсаархан гэж шилж авсан цөөн хогшлийнх нь нэг болохоор Насир энэ асраа тун их хайрлана. Тавин нас шүргэж яваа сирийн удамт дайчин эр Улаан тэнгисийн хөвөөнөөс Шар тэнгис хүртэл зорчихдоо хаяж гээсэн нь хэд хэдэн айл гэрийн амжиргаанд хүрэлцэхээр болон боловч энэ тухай ер дурсах зав гарч байсангүй. Басар балгадаас тэмээн жин хамгаалан гарч Искандр балгадад хүрэхдээ хоёр жад хугалж, нэлээд хэдэн сайн эрийн аминд хүрээд жингийн даамлаас ханасан шан авч, түүгээрээ Саладин султаны шадар цэрэгт багтах хаалгаа нээлгэж чадсан билээ. Насир тэнд одтой байж, загалмайтны нүсэр төмөр хуягт дайчдаас “Цөлийн ирвэс” цол ч хүртэж үзсэн эр. Түүний хувьд норман баатрын тэнгэр цоолом жад, саксоон хүнд балтны аль нь ч аймшигтай байсангүй, гэтэл дал модны доор өмнийн тэргэл сарны мөнгөлөг гэрэлд гялалзсан цолмон хар нүдний нэг л ширвэлт хорин жилийн турш уйгагүй ноцолдсон аз жаргалынх нь шилтгэнийг нурааж орхисон байжээ.

Золгүй Насирын санаархсан тэр эм Саладины хайртай татварынх нь нэг байж, сарны үхмэл цайвар туяа, тайган эрийн шиншлээн хоёр ямагт цуг байдгыг урьд өмнө гадарлах завшаан байгаагүй болохоор тэр учрал золгүйгээр төгсөөд харин ч сайн нөхдийн буянаар Насир өмссөн хувцастайгаа оргон зайлах завшаан олджээ. Саладины гар урт гэдгийг эрхбиш мэдэх болохоор Насир хоёр жилийн турш зүс буруулан тэнэсээр Абескун тэнгисийг гэтлэн Хорезм шахын нутагт ирж байж нэгэнтээ хөл тогтов. Завшаанаар энд хөл үймээн мундсангүй, угийн дайчин ариншинтай Насир мужийн улс төрийн уур амьсгалыг төвөггүй гадарлаад Хорезм шах Мохаммед – Хар Киданы хан Жүр – Найманы Хүчүлүг гэсэн ээдрээтэй гурвалжинд эргэлзэлгүй орж явчихсан нь зургаан жилийн өмнөх явдал юм. Алдар цуут Саладин султаны дэргэд хүчин зүтгэж явсан төддийгүй түүнийг хилэгнүүлж дөнгөсөн сири дайчныг /Насир өмнөх явдлаа нуусангүй/ Мохаммед гойд үнэлж шадарлуулав. Насир түүний итгэлийг дааж багагүй гавьяа байгуулсан бөгөөд Хорезмыг Хар Киданаас тусгаарлахад “онц зүтгэл гаргасан” гэж Мохаммед шах ч тэмдэглэсэн удаатай. Гэвч хамгийн эгзэгтэй мөчид аанай л тотгор учирч, энэ удаад мөн л бүсгүй хүний адтай харц зэтгэрлэсэн болой. Харин энэ тухай дурсахдаа Насир тун дургүй, ноднин Хархүрэм хотод очихдоо монголын алдарт черби Доголху ноёнд л нэг удаа ярьсан юм. Доголху түүний яриаг ихэд сонирхож, Насирыг албанд авсанаар барахгүй ирэх хавар нь өрнө зүг аялах Сүбээдэй баатрын цэрэгт хэлмэрчээр явахад жуулчилсан тул ийнхүү Монголын төмөр тэрэгт цэргийг дагалдан Хоёр Алтай буюу Их Алтай, Зүүн гарын Алтайг даваад Гуравдахь Илийн Алтайн нурууны хормойд буугаад байгаа нь энэ билээ.

Энэ аялалд хэдий амжилттай оролцвол өтөл насных нь буян заяа төдийчинээ тэгширнэ гэдгийг их ноён Боорчи, Доголху нар түүнд сайн ойлгуулсан тул Насир ийнхүү сэтгэл чилэн нойр алдаж, цэргийн хүрээний ёс журмыг зөрчин шөнө дөлөөр эзэн ноёныхоо цачирыг тандах гэж оролдоод хэвтүүлийн хурц соргог хараанд өртөн хуруу хумсаа мулт цохиулчих шахам суугаа нь энэ бөлгөө.

Энэ бүхэн юунаас эхлэв. Ердөө л нэг муу хэрмэл эр, нар шингэх үес хайчин харуулд баригдан ирж Сүбээдэй баатарт бараалхсанаас болжээ. Монгол хэл огт мэддэггүй тэр самрын арилжаачинд хангалттай мөнгө амласан нь илт, амь цөлөн явж йинхүү бараалхсан нь хэрэг явдлыг бүр хөмөрч орхив. Насир түүний яриаг орчуулж өгсөн бөгөөд ядах ч юм байсангүй. Айж самгардсан тэр хүн гуравхан үгийг л давтаад байв.

“Манай заншлаач хорлогдов”

Тэр хүн өргөн бүснийхээ цаанаас алчуурт боодолтой зүйл гаргаж өгсөнийг Сүбээдэй баатарт авч нууцгайхан задалж үзээд толгой дохисныг бодоход гэрчлэх тэмдэг байсан болов уу гэж Насир таамаглажээ. Тэр гурван үг Сүбээдэйн хувьд онц ноцтой байсан бололтой, хэдийгээр хатуу чанга боловч ялангуяа амарч, буудаллах оройн цагаар хөгжүүн яриа хөөрөөтэй, цэргийнхээ галаар дуртайяа хэсдэг тэр идэрхэн ноён энэ үдшийн турш чачраасаа гараагүйд Насир чингэж түгшчээ.

Үгүй ер, дайсны хүрээнээс мэдээ занги дамжуулдаг нэг заншлаач бүтэлгүйдээ ч юм уу, аль эсвэл тохиолдлоор амь насаа алдлаа гэхэд энэ хэрэг одоо Сүбээдэй баатарт төдий л хохирол учруулж чадахгүй байлтай. Монгол цэргийн дайрч устгах ёстой мэргидийн Худу, Чулуун ах дүү нарын бугшсан Чүй мөрний эргийн бага хот эндэс хагас өдөрчийн газарт байв. Тэдний цэргийн тоо, жанжидийн нэр ус төдийгүй Чүйн хотыг тойрсон олон тосгон, хүй болоод зам, гарц мөрний олом, уулын боомт бүгдийг нарийвчлан тэмдэглэсэн дэлгэрэнгүй зураг, тэмдэглэл Сүбээдэй баатарт байгааг Насир мэдэж байв. Түүнд одоо өөр юу хэрэгтэй юм бол?

Харангийн зөөлхөн дуу дөрвөнтөө дуурсав. Үүр цайхад ганцхан цаг үлджээ. Дэлхийд цуутай их хаадын хооронд мэс болж явсан цагаа дурсч, энэ эгзэгтэй үед мэдсэн сурснаараа Сүбээдэйд туслах хэрэгтэй гаж Насир шийджээ. Ерөөсөө амьдрал гэдэг бол дууч эм шиг холбиромхой юм. Азтай агшиныг алдаж ерөөс болохгүй. Тийм агшныг ямагт отож, тохиолмогц эрээ цээргүйгээр тэвэрч авах ёстой гэдгийг Насир даан ч сайн мэдэх болсон хүн.

Үүрийн үнэгэн харанхуй нөмөрсөн бололтой орчин тойрон дэндүү дүнсгэр, энэ нам гүмийг эвдэн Сүбээдэйн чачрын зүгээс хүмүүс ярилцах мэт маш бүгт чимээ чих дэлсэхэд Насир огцом өндийн чагнаархсанаа хаяагаа зориглон сөхлөө. Чингээд үзсэн юмандаа балмагдаж, тэр хэдэн хоромд болгоомжлохоо ч мартан хөшчээ.

Сүбээдэй баатрын цачир бол маш нимгэн тангуд цэмбэн асар байлаа. Хурц дэнгийн гэрэл түүний ханыг төвөггүй нэвтэлж өөд өөдөөсөө харан суусан хоёр хүний сүүдрийг тодруулжээ. Хоймор суусан нэг нь ямар нэгэн зүйлийг нөгөөдөө сарвайхад тэр эдлэл дэнгийн гэрэлд огцом таширлаж, нэн тод мөртлөө даанч хурдан үзэгдээд өнгөрөв.

Саран зэв юм уу даа гэж Насир бодтолоо гэнэт хамаг бие нь агзасхийж, олон жилийн дайн тулааанаас уламжлагдсан дотоод зөндөө захирагдан гараа огцом таттал сум шурдхийж, асрынх нь бааданг нэвт цохиод зөөлөн ширгэнд шигдэн орохыг ажлаа.
Үхтлээ айсан Насир хэвтээгээрээ бөмбөрч, дэвсгэр дээрээ дөнгөж гартал асрынх нь үүдийг хүчтэй дэлгээд хоёр хүн ширүүхэн орж ирэв. Тэд гэрэл асааж тухалсангүй, бас асууж ёсорхсон ч үгүй баримжаа сайтай улс бололтой, нэг нь мөрнөөс нь угз татан эргүүлж, нөгөө нь жадаа Насирын хоолойны уг дээр нь тавилаа. Хүйтэн төмөр өвдтөл шигдэхэд Насир жадны гилбэрээс атгаж аваад:

- Байз эзэнд айлтгах үг байна гэж бачимдан шивнэлээ. Хашгирвал бас цаазыг зөрчинө гэдгийг Насир цагийг нь олж санажээ. “Дуугүй дохь” гэдэг монгол цаазыг мэддэг олохоор жадны үзүүр арай хөнгөрөхийг анзаараад Насир баярлаагүйгээрээ баярлав.

- Эзэнд айлтгах үг байна гэж тэр дахин давтав. Энэ удаа овоо дориун, тайван хэлж чадлаа. Түүний дуунд итгэлтэй ямар нэгэн өнгө байсан бололтой. Нөгөө хэвтүүл жадаа бүр авчихлаа. Насир босох гэж яарсангүй. Нүдээ байдгаараа хурцлан хоёр хэвтүүлийг ширтэж байв. Тэд үг сольсонгүй, харцаараа хоорондоо ярилцах мэт хэдэн хором чимээгүй байснаа нэг нь зөөлөн өшиглөв. Насир үүнийг бос гэсэн дохио болохыг ухаараад яаран өндийж, бүсээ тэмтчин олж аваад бослоо. Чингээд амь мэнд мултарч байгаадаа захгүй баярласнаас хөлчүү хүн шиг гуйвлан асрын үүдийг мөргөх шахан гарчээ.

2 comments:

Arsun said...

Vргэлжлэлийг хvлээж байна, их сонирхолтой юм. Блогийг чинь нэвт шувт уншив. Ирж байнаа. Баярлалаа.

namuuhai said...

Арсунд: блогт минь зочилсонд баярлалаа. Одоо л хэдэн хүн орж гардаг болсон юм шиг байна. Хүмүүс юм бичихээр их урамтай байх юмаа. Баярлалаа