2007/11/27

Саран Зэв - Үргэлжлэл

Зохиолч Т.МАНДИР

dayarmongol.com вэб хуудаснаас авав.


IV Бүлэг

“Оргох санаа төрүүлээд өгье л дөө” гэж түрүүхэн Сүбээдэй баатрын занаж байсныг санаад Шамдгай энэ явдал юугаар төгсөхийг сайн ухаарч хал үзсан залуу зүрх нь эмзэглэж байв. Гол өргөө хүртэл сүрхий яаран алхсан ч энэ завсар цөөнгүй зүйлийг эргэцүүлэн бодож амжжээ. Улс гэрийн хэрэг гэгч бүтэж бүрэлдээд байхдаа бахадмаар сайхан боловч тэсэж мандах хүртлээ муу муухай, үнэн худал, арга башир, цус хөлс, ер юу эсийг үзэн өнгөрөөдөг билээ. Тийм л нэг хэцүү хомрогонд тэрбээр яах ч аргагүй орж явчих нь энэ байж. Ийм үед ороо бусгаа бодлын хэрэг үгүй, эзэн баатрын захисныг Хөх төрийн зарлиг хэмээн санаж, чадал ухаанаа шавхан зүтгэх ганц л зам бий. Нар баруунаа гудайжээ. Өргөөний өмнө барсын арьсаар бүтээсэн бахим исэр дээр Сүбээдэй суугаад хажууд нь өнөөх сири хэлмэрч зогсож, том мөнгөн цомыг улаан хүрэн дарсаар байн байн дүүргэж өргөхөд баатар ажиггүй тосон авч хүртэх зуур өмнөө сөхрүүлсэн Бардай сэцнийг хилэнт нүдээр ширтэх ажгуу. Арваад хишигтэн хагас хүрээлэн зогсож, иймэрхүү үед заавал байлцах учиртай чэрби нар хийгээд зуутын ноёд өөрсдөө шийтгүүлж байгаа мэт баргар царайлан тэрүүхэнд бөөгнөсхийжээ. Шамдгай тэднийг таширлан зогсож ажиглав.

- Чиний уваигүй дайран доромжлох үгийг би гүйцэд сонсов. Одоо миний оноох ялыг чи гүйцэд эдлэх ёстой гэж Сүбээдэй хэлээд баруун гараа ялигүй өргөхөд хишигтэн урагш давшиж, Бардай сэцний мөрнөөс нь атгаж авав. Бардай тайвнаар:

- Чи өнөөдөр намайг жанчих буйзаа. Маргааш Жүчи хан хүү чиний адуун толгойг надаар тас цавчуулна гэдгийг мэргидийн онгодыг барьж тангараглая гэжээ. Сүбээдэй хүйтнээр инээмсэглэж:

-Өчүүхэн загасчны хорон үгэнд би уурлахааргүй гээд хишигтнүүдэд хандаж:

-Наадхыгаа миний нүдний өмнө тавин ташуур занч гэж тушаалаа. Хишигтнүүд Бардайн дээлийг тайлж ногоон дээр түрүүлэг унагаад хөл дээр нь хоёр хүн гишгэхэд Бардай:

-Битгий ноологтун. Тавь байтугай таван зуун ташуур жанчивч би ер босч гүйхгүй гээд гараа дэрлэн үдийн халуунд нозоорч амрахаар тухлах аятай ажигггүй хэвтээд өгөв.
Энэ үед ноёдын эгнээнээ түрүүхэн Бардай сэцний асарт дайлуулж агсан өвгөжөөр зуутан урагш алхаж, Сүбээдэйд ёслов. Баатар түүнийг нуд буландан дурамжхан харж хүлээвэл зуутан:

-Хэдүйбээр Бардай сэцэн цэргийн ердийн цаазын зөрчин эзэн жанжныг элдвээр сэрдсэн ялтай боловч түүний шударга санааг бас бодолцвоос зохионо. Үнэхээр маны цэргийн журам суларч, орох эгэх нь мэдэгдэхгүй болсон нь лав энэ өдрийн хувьд үнэн билээ. Бид ер хэзээ ч ийм дорд орж үзээгүй гэтэл энд хүртэл сартуул худалдаачин зогсоод бидний муу муухайг харж байгааг ичмээр бус уу гэв. Шамдгай сая л нөгөө усан үзмийн арилжаачныг олж харлаа. Усны гангуудыг бараадан зогсоод бүхий л үйл явдлыг сүрхий шохоорхож байсан тэр хөгшин саяны үгийг сонсоод хормой чичрэхийг Шамдгай ажиж, энэ хэсүүл Монгол хэл мэддэг байх нь ээ гэж сэртхийн түгшлээ. Харин тэр хөгшин биеэ дорхин нь засч, юу ч ойлгоогүй мэт тэргүүнээ даран тэрүүхэндээ бөвтнөх нь өрөвдмөөр. Хишигтний нэг нь жадаа гозолзуулан түүнийг хөөх гэтэл Сүбээдэй хориглон зогсоов.

- Байг. Нутгийн ард лугаа найр журмыг сахих ёстой. Би эднийг оруулахыг зөвшөөрсөн юм. Цаашдаа ч энэ иргэд манай хүрээнд зөнгөөрөө зорчиж болно. Хэрвээ хүсвэл би өмнө зүг аялж, Зэв жанжны цэргийг тосоод улмаар Тогучар ноёнтой нийлж ч болно. Үүнийг надаас өөр хэн ч захирахгүй гэж Сүбээдэй нүүрээ минчийлгэн хахир дуугаар хэлснээ:

-Наадахаа жанч! Би наранд удаан суух хүсэл алга гэж хэлээ ээдрүүлэн байж тушаалаа. Шамдгай нүүрээ бурууллаа. Гэвч чихэнд нь ташуур исгэрэн нүцгэн биен дээр буух чимээ сонсогдоно. Энэ бүхэн нэг л шударга бус болж, өдий хүртэл бахархал болж явсан жанжны нэр сүрд нь сэв суулгах мэт Шамдгайд санагдахад хөмсөг зангидаад үзэмний дамнуурчныг их л хорсолтой ширтэж байлаа. Тэр хүн сагсгар буурал хөмсгөө бараг өргөхгүй мөртөө орчин тойрныг хянууур ажиж, хэн нэгтэй харц тулгарвал дорхиноо нугдасхийн хөл доорх бараг хоосон сагсаа барьж авах ажээ. Өвгөний байдал эндэхийн уйгур хийгээд монгол угсаатны л дунд цөөнгүй тааралддаг сартуул хивчигийн холимог төрхийг илтгэх атал яагаад ч юм бэ, өтөл биед зохицоогүй нэг л гаж зүйл байх шиг Шамдгайд санагдаад байлаа.

“Хэрвээ би Бардайг мэргэдийн хүрээ рүү аваачиж чадвал энэ өвгөнтэй л хамгийн түрүүнд нүүрэлдэх байх даа” гэж бодсон Шамдгай гэнэт түүнд ойртмоор санагдав. Гэвч тэр дороо эргэцүүлэн бодож, ийм алхам хийвэл эргээд осол учирна гэж ойлголоо. Хэрвээ энэ хүн үнэхээр Худу, Чулуун нарын туршуул мөн бол түүнд туслах нь лав. Харин туршуулаа ийм амархан илчлэгдсэнийг үзээд Тогтоа бэхийн хөвгүүд улам ч сэжиглэх нь гарцаагүй билээ. Шамдгай өвгөнийг эс тоосон царай гаргалаа. Энэ үеэр Сүбээдэй баатар цуст үзэгдлээ өндөрлөж, ноёдыг тарахыг тушаагаад өөрөө хэлмэрчээ дагуулан үл мэдэг туйвсхийн алхалсаар өргөөндөө орж явчихав. Түүнтэй зэрэг шахам арилжаач өвгөн сагсаа дамнаад зэрэгцэн алхахдаа Шамдгайтай тун ойрхон зөрөв. Чингэхдээ санамсаргүй харц тулгарч Шамдгай сая л өөртөө гаж санагдсан зүйлийн учрыг олов. өвгөний буурал хөмсгөн дорхи нүд эзтэй хурц цолгиун дүрэлзэнэ. “Арван наймт шиг өвгөн” гэж тугч эр бодож амжжээ. Шамдгай нэг хишигтний хамт цусанд хутгалдсан эзнээ дамжилсаар асарт авчирлаа. Бардай сэцэн шүдээ тас зуун эс ёоловч энэ зуур эрхгүй ухаан нь балартаж байгаа бололтой. Цай уулгасны дараа Шамдгай богцоо уудлан талхан эмээ гаргаад нуруунд түрхэе гэтэл Бардай янцаглан өндийх мөртөө гар руу нь цохиж эмийг нь газраар нэг цацаж орхилоо. Шамдгай гайхан эзнээ түшиж авахад цаадах нь өвчнөө тэсвэрлэн ярвайснаа:

-Бүрэнхий болгоод.. Морьдоо бэлд.... болгоомжил... өнөө шөнө явна гэж хүчлэн шивнээд дахин ойчив. Чухам хаашаа явах гэж байгааг нь мэдээгүй боловч Шамдгайд энэ үг тэнгэрийн таалал шиг аятайхан сонсогдов. Тугч агсан эр эзнийхээ дэрийг засч аятайхан хэвтүүлээд яаран гарлаа. Нар шингээд сүүлчийн цацраг нь Илийн Алтайн шовх оргилуудыг гийгүүлж, уудам хөндий хөхөмдөг сүүдэрт умбасан нь эгэлгүй үзэмжтэй харагдана. Үржил шимт эл хөндийг гүнзгий зүсэн урсах Хөвөө гол нэгэн зурвас цагаан хив мэт зурайгаад түүнийг тэгнэн буусан их цэргийн хүрээнээ оройн түүдэг галын түрүүч хэдий нь бадарчихуй. Энэ хэр жанжны өргөө байрласан дэвсэг өөд өгсөж явсан тул холын бараа улам улам тодорч, сүүдэр хүүшлэх урт урт нуруудын бэлээр цэргийн гал дараа дараагаар асах нь Шамдгайд тодорхой харагдаад сэтгэлд нь сүрхий урам бахархал төрж байхыг баярлан мэдэрч байлаа. Энэ өдрийн баахан замбараагүй явдлын дараа ийм сэтгэл өрнөх нь түүний хувьд алжаал чилээгээ тайлахад өөр юутай ч зүйрлэмгүй их тустай байжээ.

Цэргүүдийн чанга чанга хүүрнэлдэн, инээж хөхрөх чимээ сонсохдоо харин сэтгэл нь жаахан эмзэглэж, нууц далдыг бодохгүй тийм л тэнүүн цайлган тугч хэвээрээ байгаасан бол гэх яльгүй харуусал төрөх ажгуу. Ингэж бодсоноо тэр зогтусан зогсов. Үнэхээр бодлогогүй, шинэ дайчлагдсан цэрэг мэт аашилнам бус уу би, Шамдгай энгүүн явж байгаад амсхийж байгаа мэт таатайхан суниаснаа борог өвсөн дээр хөлөө жийн суугаад өглөө. Тэгснээ гараа алдлан гэдрэг хэвтэв. Баргийн сониуч хүн түүний энэ байдлаас сэжиглэх зүйл олохооргүй байсан агаад харин энэ үеэр Шамдгай дух руугаа дарсан товь малгайныхаа доогуур эргэн тойрноо маш хурдан нэгжин харж амжжээ. Хэдийгээр сэжиглэмээр гадны хүн, тэр тусмаа нөгөө үзэмний арилжаач ойр хавьд үгүй мэт санагдсан боловч шууд Сүбээдэй баатрын гэрт ороод явчихаж хэрхэвч болохгүй гэж бодогдоно. Бардай сэцний бие тааруу байдаг, түүний захиснаар оргон зайлах хэрэг гарлаа. Гэтэл Сүбээдэй баатраас цаашид хэрхэх тухай заавал үг захиас сонсох хэрэгтэй. Хэвтүүлийн захирагч аятай ингэж гүйгээд байвал мэргидийн заншлаачийн отсон харцанд өртөж цаашдын их үйл задрах ч энүүхэнд болно доо. Үүнээс оройтвол хэвтүүлүүд хөл хянгардчих гээд гурав ч алхуулахгүй. Тэгэхээр надтай яаж хэл барихыг баатар өөрөө мэдтүгэй. Би аян замдаа зэхэх нь илүү дээр. Шамдгай ингэж шийдээд аажуухан босч агт руу алхлаа. Явах цэргийн хүрээ буудлыг гаднаас нь ажиглахад нэг бөөн юм, туг хиур, тэрэг хөсөг нь багширсан мэт харагдах авч дотроо бол нарийн дэгтэй бөлгөө. Шөнөд агтыг улам дотогшлуулж, мянгат мянгатын тойрогт, тэдгээрийн хувийн ачаа хөсгийн хүрээнд хумиж хонуулдаг байжээ. Тугийн зуутын агтач цэрэг Шамдгайг үзээд ихэд гайхаж:

-Хөөе, дүрвэд! Чи өдөржин хаашаа алга болов? Арай хишигтний ахлаач болж дэвшиж одсон юм биш биз? гэж тоглох шоглохын завсар асуулаа.

- Дуугаа аяд. Надад бараан зүсмийн хоёр морь хэрэгтэй. Энэ шөнө, гадаад харуулыг эргэх албанд оногдоод байна гэж Шамдгай албархуу дуугараад ийм санааг гэнэт цээжинд нь оруулж өгсөн сахиусандаа талархав.

-Зэ, зэ. Алба бол алба гэж агтач жаахан гомдонгүй хариулаад цээжиндээ угласан бугуйлаа авч, агт өөдөө алхав.

- Хүүе, бэсүдийн уран хэлт чи, хөл хөнгөнтэй, ааш багатай юм олж өгөөрэй. Эндхийн шавар хөрсөнд дороо эцчих вий гэж шамдгай араас нь хашгирав. Морьдоо тушаад асарт ороход таг харанхуй байлаа. Түүнийг хэтээ цахихад Бардай сэцэн ярдаглан өндийж байх шиг боллоо.

-Эзэн минь хэвт. Би одоохон гэх мөртөө Шамдгай уулаа үлээн, хуурай үйсний хэлтэст гал авалцуулж, төдхөн гэрэ шажигнан бадрав. Мэргид эр босоогүй, зөвхөн тохой дээрээ өндийжээ. Гэрэний гэрэлд нурууных нь эвэрсэн шарх нэлэнхуйдээ хүрэнтэн гялтганаад нүд хальтрам харагдана. Өөрийнх нь буруугаар ингээгүй ч ирээдүйн ялалтын төлөө арга буюу хилсээр шийтгэгдсэнийг нь мэдэж байгаа болохоор Шамдгайн дотор тун тавгүй боллоо. Нурманд жигнэсэн цайнаас эзэндээ хэдэн аяга балгуулаад нуруунд нь эм түрхэе гэж дахин ятгасан боловч Бардай сэцэн зөвшөөрсөнгүй. Түүний царайд чухам юу тодорч байгааг мэдэх гэж Шамдгай хичээв.

-Морьд бэлэн үү гэж Бардай сэцэн зөөгшсөн цайнаас гурван аяга уусны дараа шивнэн асуулаа.

- Бэлэн. Гагцхүү зайлж гарах сиймхийг олж тогтоож чадаагүй байнам гэж Шамдгай хэлэхдээ Сүбээдэй баатарт яаж хэл хүргэх вэ гэсэн шаналгаат бодолдоо түүртсээр байлаа. Бардай сэцэн нэг юм хэлэх гэснээ больж, шүдээ зуугаад хажуулдан хэвтлээ. Галын гэрэлд түүний огцом царай улам ч ялгарч, яагаад ч юм бэ, сэтгэл нь нэг л их төвшин байх шиг санагдахад Шамдгай гайхаж байлаа. Бардай сэцэн, Сүбээдэй баатрын цэрэгт бүр хожуу нийлжээ. Эрчис мөрний чинад хаваржиж байсан Жүчи хан хүү, Тогучар ноёноор зуучлуулан Бардайг илгээсэн билээ. Анх ирэхдээ гайгүй дөлгөөн хүн мэт байсан боловч Илийн Алтайг давснаас хойш зан нь хувирч, Сүбээдэй баатартай илэрхий цанхаархах болсныг ойр байдгын хувьд Шамдгай анзаарсан хэрэг. Ер ихэс ноёдын хувьд энэ нь гайхмаар сонин биш л дээ. Харин дайсандаа ойртож яваа их цэргийн дотор иймэрхүү байдал урьд өмнө гарч байсан эсэхийг Шамдгай санах гэж оролдоод дөнгөөгүй юм. Чингэж даруулгагүй авирласных нь үр боловсорч, эрэмдэг болдгын даваан дээр хэвтэж байгааг нь үзээд Шамдгай энэ хүнийг урьдынх шигээ зэвүүрхэн жигшиж чадахгүй байлаа. Асрын үүд зөөлөн нээгдэж, хишигтэн Булгадар гэтэх мэт орж ирэхэд Шамдгай гайхан сэртэсхийв. Булгадар түүнд шахан суугаад чихэнд нь:

-Манай галаар очооч! Бид шорлог хийсэн юм. Ховрын идээ шүү. Заавал амс гэж шахав. Шамдгай эзэн өөдөө харвал бие нь жаал тавирсан бололтой, амаа ангайлгаад намуухан амьсгалан унтаж байлаа. “Цагаа олсон урилга байна. Тэндээс баатрын өргөө рүү очих аян шалтаг олдоно” гэж Шамдгай Булгадарыг дагуулан гарчээ. Тэнгэрт одод хэдийн жагссан ч цэргүүд амрах бас л болоогүй байгаа бололтой. Булгадарын аравтынхан галаа тойрон суугаад намуухан хүүрнэлдэнэ. Их л үймж аймсан хөөр шуугиан дунд орно гэж бодож агсан Шамдгай үүнд баахан гайхтал Булгадар нуруу руу нь ёворч:

- Чачирт ор гэж шивнэлээ. Түүнийг ороход аяны жижигхэн тулганд хуурай аргал ноцож, дэргэд нь юүдэнтэй нөмрөгөөр биеэ хулдсан ганц хүн сууж байв. Шамдгайг ороход өөдөөс нь харсан ч үгүй:

-Бараан морьд сойгоод л байх чинь, нутаг өөдөө гүйх нь үү, чи хө гэж шоолонгуй хэлэх нь танил дуу ажээ. Тэр хүн Сүбээдэй баатар байжээ.

2 comments:

Anonymous said...

Поздравляю вас Старо-Новым годом, желаю вам в новом году успехов и спасибо что вы находите время поддерживать ваш замечательный блог!

Anonymous said...

Такие посты только прибавляют популярности. Портал Ваш что-то недостаточно оптимизированный и малочитаем. Попробуйте продвинуть его с помощью софта XRumer 7 Elite (ХРумер 7 Элите) взять можно на http://x-rumer.ru/ утверждают что отличная программа для продвижения блог ресурсов.