2007/11/27

Саран Зэв / 5-8 бүлэг/

Зохиолч Т.МАНДИР
dayarmongol.com вэб хуудаснаас авав.

V Бүлэг
Орой нь онгорхой хуучин татаар асарт нэлээд суулаа. Гадна Булгадар хийгээд түүний нөхөд элдэв шиншлээчийн сониуч нүд, чих ойртохоос болгоомжилж, тун задгай байдлаар галаа тойрон энгүүн хүүрнэлдэж хэн нэгнийхээ ончтой хошин үгийг хөхөөн дэмжиж, үе үе нижигнэтэл инээлдэх нь дуулдана. Энэ оройнх нь явдлыг Шамдгайгаар бүгдийг яриулж аваад Сүбээдэй баатар сэтгэл амарсан бололтой толгой дохиж:
-Би чамд итгэсэн нь талаар болсонгүй. Агтныханд хэлсэн үг чинь зөв болж. Би чамайг энэ шөнө гадуур эргэх аравтад томилуулсон. Тийм болохоор саад тотгор учрахгүй. Шөнийн хоёрдугаар жинд замд гарагтун. Хүрээний дорнод бага үүдээр гараад өрнөш эргэх нь зөв байх. Тун яарах хэрэгтэй. Маргааш үд гэхэд мэргидийн сууринд хүрсэн байхгүй бол үйл бүтэхэд хэцүү...
- Эзэн минь та арай мартаагүй байлтай. Бардай сэцэн оргоно гэсэн. Харин хаашаа явахаа хэлээгүй л байгаа шүү дээ.
- Түүнд Чүйн суурин өөд явахаас өөр зам байхгүй. Бусад талд нь Уйгурын Идүүд хан, Тогучар ноён, Алимарын дагасан цэргийн хүрээ буй.
- Тэгвэл болтугай. Би тэнд очоод...
- Одоо яг үүнийг хэлье. Чи Бардай сэцний хөтөч төдийгүй түүний хөтлөгч болох учиртай. Бардай сэцэн надад хонзогнож, тэр өшлөө Худу, Чулуун нарын цэргийн хүчээр гүйцээж авахыг хүсч байгаа. Тэр хүслийг нь чи дэмжиж, гал дээр тос нэмэн цучлыг түймэр болгон оволзуулбал болох нь тэр. Тэгээд мэргидийн цэрэг хотыг орхин одох мөчийг надад мэдэгдэнэ.
- Би өөрөө ирэх үү?
-Тэгвэл тэд сэжиглээд байдал өөрчлөгдөх болно. Миний нууц элчийг хүлээх хэрэгтэй. Тэнд очсоноос хойш гурван өдрийн дараа морин цагт хүнсний базаарын архины мухлагт очвол чи түүнийг олж уулзана. Нууц үг нь “Сайн дарс, муу зууш”. Гэрчлэх тэмдэг нь саран зэв. Гэхдээ чи саран зэвийг заавал гартаа барьж үз. Онгин талд нь хатаасан үзэм хошоод наалдсан байх ёстой. Тиймгүй бол итгэж үл болно.
- Бүгдийг цээжиндээ тогтоон авав.
- Түүний бие аянд гарч дөнгөнө биз.
- Дөнгөхгүй ч байсан дөнгөхөөр хүн шиг санагдсан. Ер нь миний анх санасан шиг хөнгөн, ойворгон эр биш мэт санагдлаа. Та намайг ойлгоно буй заа.
-Сүбээдэй баатар энэ үгийг сонсоод хирдхийж, Шамдгайг нухацтай ажигласнаа:
- Их хэргийн төлөө түүнийг хилсдүүллээ гэж харамсаж байна уу гэж намуухан асуулаа.
-Энэ миний бодол богинынх буй заа. Гэвч би сэтгэлээ танаас нууж яваагүй ...
Баатар нүүрээ илбэн тонгойход царайд нь үл мэдэг эмзэглэл тодорлоо. Тэрбээр галын буурч буй дөлийг ширтэн бодлогоширч:
-Ирэх, одох аливаа үйлийг ганцхан алхамд л харж эрс тэс боддог нь залуу насны алдаа биш ээ. Энэ бол сэтгэл чин ариуны алгасал төдий юм. Одоохондоо хилсэдсэн хийгээд хилсдүүлсэн нь хэн болохыг хэлэх яагаа ч үгүй. Харин чиний үг надад нэгийг сануулав гээд бахим гараараа Шамдгайн шуун дээрээс атгаж:
-Бидний зорьсон сэдсэн үйл хэрэг арав хоногийн дотор лав дуусна. Тэгэхдээ сайнаар дуусах нь мэдээж. Чингээд хоёулаа баяртай уулзахын цагт Хөх төрийн төлөө энэ бүхнийг үйлдсэн гэдгийг санаж, чи намайг муугаар бодохгүй байхыг хүснэм гэжээ.
Шамдгай эзнээ гайхан ширтэж:
-Таны хүслээр болог! гэж амлалаа. Сүбээдэй инээмсэглэхэд нүдний нь харц зөөлрөвч, нүүрэнд нь уйтайхан сүүдэр зурсхийх шиг санагдав.
-За одоо чи буц. Эзнээ сувил. Энэ шөнө чиний алба хэцүү шүү гэж Сүбээдэй хэллээ. Тэгээд Шамдгайг гарахын нь өмнө дуудан зогсоож дэргэд нь очоод:
-Саран зэв үзүүлсэн хүнд чи эргэлзэж огтхон ч болохгүй. Нууцлах далд дохио сэжиггүй байвал болох нь тэр. Тэр хүнийг намайг гэж бодож, зааснаас нь өчүүхэн ч зөрөхийг би хориглож байна гэж намуухан хэлэхдээ сүүлчийн энэ захиасаа онц чухал гэдгийг баруун гараар өөдөө заав. Булгадар, Шамдгайг дөхүүлж өгөхдөө энэ шөнийн харуулын нэвтрэх үгийг хэлж өглөө. Хөтчөө ирэхэд Бардай босоод дээлээ өмсөж, хуягаа зүүх гээд чадаагүй бололтой, хөглөрүүлчихсэн сууж байв. Цус нэлээд алдсанаас царай нь цонхийсон ч нимгэн уруулаа шазвалзуулан тун ч дээгүүр харцтай байхыг Шамдгай ажиглаад сэжиглэгдэхээс эмээж:
- Би арай гэж энэ шөнийн нэвтрэх дохиог олж авлаа. Одоо бидний зам улам шуударна гэвэл Бардай янзгүйхэн ширвээд:
-Тийм бол сайн. Бй чамайг урианханы зөрүүд хардаа далан булчирхайгаа тоочиж явна уу гэж бодсон юм гэж хэнэггүй хэлэв. Энэ үгийг сонсоод Шамдгайн нүд харанхуйлах шиг болсон боловч азаар Бардай анзаарсангүй.
-Би хөнгөн хувцасаар явахаас биш. Миний давтмал хуягыг сайхан боож, ганзаганд даруул. Саадаг хоромсогийг ав. Илдээ би зүүнэ. Бусдыг түр орхин Сүбээдэйн хар тугийг сэрээгээр нь газар шаах цагтаа би тэр бүхнийгээ арван хувь нэмж авах болно гэж тушаажээ. Шөнийн хоёр жин цохимогц тэр хоёр мориндоо мордлоо. Бардай жолоогоо залахад ч хэцүү байгаа бололтой, нуруугаа эв хавгүй ганайлгаад эмээл дээрээ хазгайхан суужээ. Хуучин сарны гэрэлд энэ нь харин ч улам зохимжтой, харуул эргэж яваа ноёны дүрд хувилахад хялбар болгож байх шиг санагдсан тул Шамдгай дотроо баярлан өмнө нь орж хөдөллөө. Угаасаа Монгол цэргийн хүрээний дотор шөнийн алба хаших хүмүүсийн явах тодорхой чиг байх бөгөөд үүнийг эс баримтлагчдийг хэвтүүл хэн нь ч барьж авах, эсэргүүцвэл мэслэх эрхтэй байдаг бөлгөө. Шамдгай чухам энэ нууц замыг сайн мэдэх тул тэд хүрээний хаалганд хүртэл саадгүй явлаа. Нарийн эрэмбэтэй угсарсан төмөр тэрэгнүүдийг захлан, хэрэгтэй хаалгаа олж очиход морьдынх нь омруун доогуур жадны гилбэр хүйтнээр гялбасхийн хөндөлдөөд нум дэлэх танил чимээ дөрвөн талд нь зэрэг сонсогдов.
-Гадаад харуул эргэх зуутын ноён Аругчу явж байна. Үүд нээгтүн гэж Шамдгай шөнийн харанхуйд хаа хол цуурайтахаас сэрэмжлэн мориныхоо дэлрүү бөхийж, аяархан боловч тод дуугаар хэллээ. Хэвтүүлүүдийн бараа тэрэгтэй ташрилдаад сайн ялгагдахгүй байсан ч:
-Бараан үүл гэж намуухан хэлэх нь сонсогдлоо. Энэ бол хариулт нэхэх харуулын нууц дохио юм. Шамдгай мориныхоо хүзүү рүү бөхийж:
-Үүлэн зулхай гэж шивнэв. Нумнууд саадагтаа харр хийтэл орж, хөндөлдөж агсан хэвтүүлүүд огт байгаагүй мэт нам гүм болов. Шамдгай түрүүлэн, Бардай дагаж хоёулаа хүрээнээс гарч одлоо. Зуны дунд сарын хуучид тул сарны гэрэл бага, өвсний хурц үнэр сэнгэнэсэн намуухан шөнө байв. Эргэх болов уу, эсвэл ингээд шууд явчих болов уу гэж зовниж байсан хэдий ч Шамдгай тэвчин амаа хамхиж, чигээрээ алхуулав. Хоёр хайчин харуулыг тэд мөн аюулгүй гэтлэв. Тийнхүү сая чөлөөтэй болж бяцхан хамар даваад морьтой хүн далдлах төдий намхан мөртөө өтгөн саглагар мөчиртэй зэрлэг үзмийн төгөл рүү ортол Бардай сэцэн
-Зогсоё. Би дээлээ тайлмаар байна гэхэд Шамдгай яаран бууж, морио тушаад эзнээ сугадан буулгалаа. Чингэхдээ баруун гараараа зүүн гарыг нь сугадаж, зүүн гараараа морины нь жолоог атгаж байсан тул эзэн нь газар гишгэмэгц, богино матаагаа суга татан цээжинд тулгахад тэрүүхэндээ сүрхий цочирдов. Морийг нь тавьчихаад гараас нь атгаж авах, тэр ч байтугай сугадаж байгаа гарыг нь мушгиад тонгорч орхих бүрэн боломжтой байсан ч ингэж болохгүй гэдгээ сайн мэдэж байсан тул ихэд гэлмэсэн байдал гаргаж:
-Яаж байна аа, эзэнтэн гэж дуу алдлаа. Бардай сэцэн яраглан шуухитнаснаа матаагаа бүр чанга дарахад Шамдгайн зүүн хөх махны доор ширхийн халуу оргиод явчихлаа. Гэвч тэр морио тавьсангүй, эзнээ сугадсан хэвээр байлаа.
-Эзэн гэнэ ээ? Чи намайг хаахна аваачиж төхөөрөх тушаал авсан бэ? Түүнээ хэл? гэж Бардай уурсан хяхтнав.
-Тийм үгийг би хэнээс ч сонсоогүй. Сүбээдэй баатар намайг тугнаас минь салгаж, таны зарц болгосон. Та намайг үлдэн хөөвөл би нутагтаа тэмцэхээс өөр замгүй. Хороосугай хэмээвээс мөн мөчөөрхөж үл зүрхэлнэ. Мөрөөхвөл бас ял над дээр буух буй заа гэж Шамдгай хэллээ. Бардай гараа бага зэрэг сулласан боловч аанай л заналхийлсэн хэвээр:
-Тэгвэл чи одоо намайг дагаж хаашаа одох чинь энэ вэ?
-Би яахан мэдэх билээ. Нэгэнт таны зарц болсон тул амь биеийг тань хамгаалах хийгээд, заасан зурсаныг тань засваргүй биелүүлэхээ л мэднэ. Жамуха ноёноо барьж ирсэн боолчуудыг их хаан, андынхаа нүдний өмнө хороохыг би үзсэн хүн гэж Шамдгай тайвнаар учирлав. Иймэрхүү үед хэт билбүүрдвэл Бардай сэцэн шиг хурц хүнд таашаагдахгүй гэдгийг тэр ойлгож байлаа. Хэлсэн бүхнээ андгайл гэж шахсан нь түүний хувьд ичгүүрэх зүйл үгүй бөгөөд үнэндээ тэр Бардай сэцэнд муу юм хийе гэж огтхон ч бодоогүй тул даруй мөнх тэнгэрийг зааж ам алдлаа. Мэргид эр хөтчөө шалгаж дуусав бололтой хүчлэн мөшийх аядсанаа матаагаа чулуудчихаад сун тусав. Шамдгай хувцсыг нь тайлахаар яарлаа. Нурууны нь шарх хувцсанд үрэгдэн, дахиад цус нэвчиж эхэлсэн тул эзэн зарц хоёрт яггүй ажил ургаад, холгүй хэрж орхисон морьд нь анир авч хамраа тачигнуулан, чихээ хайчилж байхыг анзаарсангүй. Үзмийн төгөлд бас гурав дахь хүн байжээ. Бараан алчуураар нүүрээ битүүлж, үндэс угсаа нь үл ялгагдах уужим бүгээн хувцасаар биеэ ороочихсон тэр хүн ганцхан бутны чинад газарт наалдах шахам хэвтээд тэднийг ажиглан, яриа хөөрөөг нь сонссон төдийгүй тэд шархаа хагас дутуу боогоод, хаашаа явахаа хэлэлцэн мордох хүрэл нь байсаар байлаа. Оргогчдын бараа далд орсон хойно бараан хувцаст аажимхан өндийж, урт хувцасныхаа хормойг шуух зуур “Мэргид ах дүү нартаа очино гэнэ ээ” гэж амандаа шивнэж байхыг нь харин сонсох хүн эл аглаг төгөлд дахиад байсангүй ажгуу.

VI бүлэг
Цөл, талын чимэг болсон гайхамшигт Чүй мөрөн Барн Хүргээн Алтай ба түүний оюу номин толь Төмөрт /Ишигхөл/ нуураас эх авч, Ашиг хөл нуурийг тэтгэх хүртлээ мянга гаруй бээр газрыг туулж, Балхаш нуураас Абускун далайн хормойд шахах уудам их дайдыг Муюнкумын элс, Баян тал гэсэн өнгө зүс, үржил шимээр ялгаатай хоёр нутаг болгон хуваадаг билээ. Чуй мөрнийг дагаж, монгол, уйгур, хотон, хивчиг олон хэлийн үндэстэн зуун зуунаар идээшин сууж, ирснээс өдгөө даруй их бага дөрвөн зуу орчим суурин байлаа. Илийн Алтайгаас эх авч жаран бээр урсаад Чуй мөрөнд цутгадаг Хөвөө голын бэлчир дэх Төрлөхүүн буюу Терликун хороо бол эдгээр удамт газрын нэг бөгөөд мянга гаруй жилийн тэртээ Хангай ханаас өрнийг зорин аялсан Хүн нарын нэгэн цуваанаас үлдсэн гэдэг ажгуу. Нэгэн цагт өндөр тэрэгт гаогюй аймгийнхан энэ газрыг мэдэж агснаа кианы түрлэгт автаад, энэ үес нэгэнт Хар Киданы дорнод хязгаарт багтаж байлаа. Гэвч цаг хийгээд үйл явдал баримжаалшгүй эргэж, урвах үе ирсэн тул Терликун хорооны түм гаруй өрх, чухам хэний туганд найдаж, шүтэхээ бас л сайн мэдэхгүй, ямар боловч арваад жилийн өмнө энд буудаллаж, улмаар Хүчүлүг хааны тэтгэн дэмжсэнээр хорооны бүхий л эрх мэдлийг бурааж авсан мэргэдийн ноёдыг л харж буужээ. Энэ ноёд бол удуйд мэргидийн эзэн Тогтуга бэхийн хөвгүүд, Худу, Чулуун, Гал, Чибуг нар байлаа.
Энэ хир гучин дөрвөн нас хүрч байсан Худу бол хар багаасаа төр, цэргийн эрдэмд нэвтэрсэн, тэсвэр хатуужилтай, жинхэнэ дайчин эр байв. Сэлэнгэ мөрнөөс Чүй мөрөнд хүрч ирсэн түүний амьдралын сүүлчийн арван дөрвөн жил бол гутрал, гуниг, ялагдал харамслаар дүүрэн эмгэнэлт мөчлөг юм. Хэрээдийн Ван хааны довтолгоонд ууган ахаа хөнөөлгөөд, Хүр хаан Жамухатай бүтэл муутай холбоолон эцэст нь Чингис хаанд бут ниргүүлсэнээр аваал эхнэрээ ч автсан нь түүний хохирлын эцэс биш байж. Найманаас буулгаж авсан Дөргөн хэмээх тэр залуу гэргийг нь Чингис хаан гутгаар хөвгүүн өгөөдэйдээ өгч эртнээс инагш мэргид, боржигон хоорондоо эмс булаалдаж явсан үйлт зангилааны сүүлчийн учиг шингээснийг Худу бүр Алтайн нуруунд хүрч байж сая сонссонсон. Тэгэхэд эцэг Тогтуга бэхи нь бас л горь тасарсангүй, Умард Найманы Хүчүгүд Буйруг хантай хэлэлцэн цэргээ засаж, Чингис хааныг амдан сөнөөхөөр хөдөлжээ. Үхэр жилийн тэр өвөл уг нь тэд Сийлхэмийг эртхэн давж чадсан бол амжилт олох л байж, даанч Чингис хаан тэдний төлөвлөгөөг аль эрт мэдээд урагшлуур ангиа мөнх цаст Хүйтний оргилын өмнүүрх Арайн даваагаар гаргаж, тэдний эгэх замыг тасалмагц Сохог усны Бухторомоос эхлэн нуга цохиж, мөсөн хавчил, цасан хунгар дундуур хөөсөөр уулаар нэг тарааж орхижээ. Зэрлэг суманд амь алдсан эцгийнхээ цогцсыг бүтнээр нь авч явах аргагүй болсон тул зөвхөн тэргүүнийг нь авч зандан хайрцагт агуулаад дөрвөн хөвгүүн нь Харлугийн зүг амь зулбав. Харлугийн хан Арслан тэднийг дотночлоогүй боловч бас ад үзсэнгүй, гэвч дараахан нь барласын Хубилай ноён их цэрэг авч ирэхэд Арслан хан дагаар орсноор Худу нар цаашилж Уйгурт хүрчээ. Уйгурын итгүт/итгүт буюу Идүүд гэдэг нь хан гэсэн уйгур үг/ Баржүг–арт-тигин тэднийг хязгаартаа ч оруулахыг хүссэнгүйд Худу хорсож, мэргид цэргийнхээ хүчээр довтлоод үзсэн боловч дийлсангүй, ашгүй тэр үед Даян ханы хүү Хүчүлүг Хар Киданд суурьшиж, хааных нь хүргэн болоод байсан тул түүний нөмөрт хоргодон энэхүү Терликун хороог сонгож суурьшив. Анх авч гарсэн аймгийнх нь иргэд зам зуур хоцорч үлдсэр сийрсэн ч бас хагас түм гаруй өрх, жагсаавал түм шахуу дайчин эрс, арван шигшмэл хороо гаргах тул Худугийн сэтгэл арай өег, гэвч өдий хүртэл үзсэн хохирол эмгэнэлийнх нь шарх аних яагаа ч үгүй байжээ. Зарим орой итгэлт хэдэн хүнээ авч гуя онгоц сэлбэн, гувчуур орхиж загасчлахдаа өргөн их Сэлэнгэ мөрнөө санагалзан, нойтон бургас уугиулж, загас утаж суусан үеийн нөхдөө дурсахад тэдний олонхи нь нэгэнт үгүй болоод, эхнэр хүүхэд удам угсаа нь хаана байгааг тодруулах нь бэрх болсоныг гайхан бодож, хатан зүрх нь улам ч эвэршээн шаналах бөлгөө. Сүбээдэй баатрын цэрэг Хөвөө голын хөндийд ирж буусныг тэр тун хожуу мэджээ. Уг нь нэхэх цэрэг ирнэ гэж хэдэн жилийн турш хүлээж, туршуул тавьсаар атал яаж ийгээд л мэхлэгдэж, одоо нэгэнт хавиргалан буучихаад байгаа тул яаран зайлбал бүр ч хялбар дийлдэх бодлогогүй алхам болно. Гэтэл бас угтан байлдахаас болгоомжилно. Сүүлийн хэдэн өдөр энэ тухай хэлэлцэхэд Худу ямагт ганцаардах болов. Тэгээд ч тэр үү, цэргээ боловсруулах гэдгээр шалтаглан Худу гол төлөв гадаад хүрээнд хонон өнжиж, дүү нараасаа баахан зайлсхийсээр авай. Дунд дүү Чулуун нь хороог захирч, Хос Ордод суугаа Хүчүлүг хантай холбоо барих ба тавдугаар дүү Гал болбоос Уйгур, Аламар, Харлугийн зүгээс халдахыг сэрэмжилж, дээр нь Хорезмийн шахтай нууц элчээр эв эеийг сахиж, чинагш хивчаг лугаа сүлбээлдэх замыг засч буй. Отгон дүү Чибуг ойн иргэд рүү одоод өдгөө нэгэнт ирэх дөхчээ. Худугийн дэргэд Мэргэд аймгийнханы түшээ болж ирсэн хоёр баатар нь байлаа. Ихэрэс овгийн Бутуул, түмэдийн Далтхар хэмээх тэр хоёр ихэс жагсаалыг шувтлан, хүрээг довтлоход ер хэнээс ч дутахгүй боловч бодлого боловсруулж, арван өдрийн чинагшхийг сэргийлэх чадвар мөхөс тул Худу баахан харамсана. Чухам ийм бодлогот хүмүүсээр гачигдсандаа л мэргид, найман, хэрэйд, татаар зэрэг эртний сурвалжит хүчирхэг аймаг улсууд Тэмүүжиний өлмийд сөхрөн дагаж байгаа юм гэдгийг Худуу сүүлийн үед сайн ойлгох болжээ. Боорчи, Мухулай, Зэлмэ, Хубилай, Зэв эдний зөвхөн нэг нь Худуд хүчин зүтгэж асан бол… гэж бодогдох нь ч бий. өдгөө Терликун хорооноос хэдхэн бээрийн зайд буудаллаад гурав хоног таг чиг болж орхисон Урианханы Сүбээдэй баатар ч тэр сайчуулын эгнээний хүн. “Ямар гэгч оддын хувилгаан зэрэгцэн буухаараа Тэмүүжинийг ингэж хүрээлдэг байна вэ” гэж нас элсэн эцэг Тогтуга бэхи нь Дайр–Үсүн ноёнтой хэлэлцэж суухдаа өгүүлсэнийг Худу ер мартадаггүй юм.
“Ингэхэд Сүбээдэй яах гээд байна вэ?” гэж Худу сэтгэл түгшин шившив. Бутуул, Далтхар хоёулан цэргээ сургууллихаар гарч, бага үд өнгөрөөд жаахан нам сэлүүн болсон тул Худу түрэг эрээн асартаа ганцаар сууж байлаа. Арын хивсэн орхиулыг цайтал нээж, хаяаг нь шуусан тул сэрүүхэн, энд хүрээ буугаад удаагүй болохоор ширэг зүлэг шинэхэнээрээ, анхилам таатай байна. Сүбээдэйн хүрээг тойруулан бараа бараагаа харах газар харуулчдыг тавьж, шөнийн цагт ч тэдний цэргийн өчүүхэн төдий хөдөлгөөнийг алдалгүй ажиглан хугас цагт амжиж мэдээлэх боломжтой болгосон тул Худу гэнэтийн дайралтанд өртөхөөс айхгүй байлаа. Гэтэл Сүбээдэй довтлох ямар ч сэжим гаргасангүй. Энэ нь бүр ч зовиуртай. Хүчүлүг ханы бодлогогүй үйл ажил бүр ч эгдүүг нь хүргэнэ. Хар Киданы хан ширээг хялбархан эзэлж авсандаа омогшиж болно л доо, гэтэл тэр исламын сахилтнаар оролдоно гэдэг дэндсэн хэрэг. Толгой хавчуулж байгаа тэр орныхоо шашин шүтлэгийг басамжлахаас илүү аюул гэж юу байх вэ? Ийм үед Хүчүлүгээс тусламж хүсэх улам хэцүү, бараг найдваргүй гэдгийг тэр ойлгож байлаа. Дүү нар хийгээд баатруудын үгээр болж, Сүбээдэйг угтан мордож болох ч юм. Тэгэхийн тулд нутгийнханаас дайчилж таарна. Тэд яавч дуртай байхгүй. Байлдаан нөрж, эгзэгтэй байдал үүсмэгц тэд хамгийн түрүүнд ухарч, эх газраа бараадана. Тэгэхийн цагт мэргид овогтноос чухам хэдүүл үлдэхийг тааварлахад амархан…. Харин Сүбээдэй Терликун хороог шууд довтолбол… Тэгвэл Худуд бага ч атугай ашиг гарах учир бий. Ойр орчмын хот тосгодыг монгол цэргийн аюулаар айлган өөртөө татсан цагт найдвартай хориглож болмоор. Гэтэл Сүбээдэй эзэн хааныхаа зарлигийг умартсан мэт, энэ хүртэл бэлчээр сонгож ирсэн энгийн нүүдэлчин мэт нам гүм суугаа нь аягүйцмээр. Үнэндээ Худуг энд ийнхүү хуруугаа мэрэн маанагтаж суухад тэр хүн яавч унтаж байхгүй нь лав. Юу санаж, юуг сэдэж байгаа бол ??? Худу өөрийгөө зэмлэн, хүндээр шүүрс алдаад бослоо. Хормын дараа тэр мориндоо мордож, хоёр шадраа дагуулаад Терликун хорооны зүг давхиж явлаа. Хэдийгээр өөрөг сөөрөг бодолд ээрэгдэвч, тэрбээр орчин тойрноо нэн соргог ажиглаж, эндэхийн эгэл хөдхө хүмүүст өөрийнх нь түгшүүр, зовнил хүртэж буй эсэхийг тандахаа мартсангүй. Урьд өмнөхийг бодвол хөл хөдөлгөөн сийрсэн бололтой, ямар боловч суваг, далан дүүртэл багшраад байдаг хэсүүл, арилжаач, тэнэмэл жигитүүд үзэгдэхгүй байв. Энэ ч Галын хүчин чармайлт биз. Тэр дүү нь дөчин гавшгай харуулаа захирч чаддаг эр. Сүбээдэйн урагшлуур баг болох Аругчугийн зуутыг бүр хавар Зүүн гарын Алтайд орж ирэхэд мэдсэн мөртөө дүрвэгчид гэж андуурсанаас болж, ийм гай удсандаа гэмшээд одоо бол Терликун хорооны орчин тойрныг бараг зуун бээрийн газарт аян дайны байдлаар чандлаж орхиод байгаа нь тэр. Сууринг тойруулан хоёр жилийн өмнө татсан усан сувгийг эс тооцвол бэхлэлт гэх юм үгүй. Уугуул оршин суугчид ч, “зочилж” ирсэн мэргидүүд ч хэн хэн нь хэрэм, цайзыг шохоорхох улс биш ажээ. Элбэг хос алд татаал дээгүүр тавьсан унаагуул гүүрээр Худу гарахдаа Сүбээдэйн цэрэг довтолж ирдэг юм бол энэ татаал тэдэнд саад учруулах юмаар тун ч шалихгүй гэдгийг дахин ухаарч шүүрс алдав. Түүнийг гол зээлээр орох гэтэл хажуугийн гудмаас хэдэн морьтон давхин ирээд дуудан зогсоосон нь харин дүү Гал ажгуу.
-Би таныг залахаар мордсон юм. Яаралтай хэлэлцэх хэрэг гарлаа гэж Гал хэлээд ахтайгаа дөрөө харшуулан алхуулж, Терликун хорооны шейхийн өргөө агсан, одоо бол хорооны дотоод хэргийг ерөнхийлөн засах ордыг чиглэв. Их танхимд Чулуун ганцаар сууж байснаа ахыгаа орж ирэхэд яаран угтаж төдөлгүй гурвуул зэрэгцэн тухаллаа.
-Чибугаас сураг байна уу? Гэж Худу асуув.
-Уйгурын хилийг тойрохоос өөр аргагүй болж, дахиад хугас өдөр хожимдох нь гэж хэл өгүүлжээ. Маргааш орой ирэх бололтой гэж Гал хэллээ.
Чулуун өргөн нүүрээ илэн бодлогоширсоноо:
- Хүчүлүг ханы сул хатан Абжай ирсэн гэж дуулгав. Худу сэртхийж:
- Бас л гэж дурамжхан дуугарсанаа:
- Тэр хаанаас ирээ вэ? Гэхдээ лав Хүчүлүгийн дэргэдээс ирээгүй гэдгийг нь мэдэж байлаа. Абжай бол Хүчүлүгийн төлөө юу ч хийхээс буцахгүй зоримог, сэргэлэн нь дэндсэн бүсгүй билээ. Гэвч Чулууны хариултыг сонсоод Худу нүдээ бүлтийлгэн гайхав.
- Сүбээдэйн хүрээнээс гэнэ ээ? Гэж түүнийг лавлахад Чулуун дохиод:
- Тиймээ, тэр өөрөө тэгэж хэлэв.
-Абжай худал хэлэхгүй. Тэр бол энэ махчин удганы үс шиг ширэлдэж самуурсан газарт бидний нүд, чих болж байдаг итгэлтэй дайчин мөн билээ гэж Гал их ахынхаа дурамжхан байдлыг гадарлаад яаран нэмж тайлбарлав.
-Бүгдийг өөрөөс нь сонсвол танд дээр биз. Түүнийг би амраахаар явуулсан. Бодвол одоо зоог барьж амсхийж амжаа биз гээд Чулуун дүү өөдөө дохиход Гал яаран гарлаа. Худу нүдээ аньсхийж, ширүүн хар живрээ илбэн үг дуугүй хүлээн суув.

VII бүлэг.
Абжайг харах бүр Худугийн сэтгэл хямардаг бөгөөд энэ удаа ч тийм хэцүүхэн бодолхийллээс бас тойрсонгүй. Тайчууд овгийн тэр бүсгүй булаагдсан гэргий Дөргөнийг нь ямагт санагдуулдаг билээ. Дөргөн нь яг л үүн шиг эрс шийдэмгий, хэний ч санаанд оромгүй зүйлийг сэдэж чаддагсан. өдийд яаж явдаг бол, зоримог бие даасан зан чанар нь бор жигидийн эзэнлэг ариншинтай хэр нийцдэг бол? Ийм хүнд үед дэмий юм бодож байна гэдгээ Худу ойлговч сэтгэлэг гэгч ямагт цагийн эрхшээлээс ангид тул бие барихад хэцүү, үнэндээ Абжай түүнд ямар ч гэм хийгээгүй бөгөөд гагчхүү нас бие зан авираар төстэй хоёр эмэгтэйн нэг нь заяа төөргөөсөө хүчээр хагацаад байхад нөгөө нь язгуур угсаа, эрх мэдлээ түүнээсээ хол дутуу атал ийнхүү хөх тэнгэрийн дор дураараа дургиж яваад дотроо эгдүүцэн, атаа нь сэм сэм хөдөлж байдгаас л ингэж хөндий хүйтэн ханддаг байлаа.
-Заншлаач минь, бидэнд бас ямар нарийн нягт мэдээ олж ирэв дээ гэж Худуг дуугарахад түүний дүнсгэр байдлыг шууд ажсан Абжай толгойгоо омог бардам гэдийлгэж:
-Би чиний заншлаач биш, чиний тусын тулд ч явдаггүйг чи юун эс андах билээ. Эзэн маань та нарыг анхаарч халамжилдаг учраас ирж байгаа юм бишүү гэж дахин иймэрхүү өнгөөр харилцвал гараад явахад бэлэн гэдгээ харуулах гэж өвдгөө тулан өндөсхийжээ. Хүчүлүг, энэ Абжайгаа төдий л ойшоодоггүйг мэдэх боловч сайн санаж ирсэн хэнийг ч болов гомдоох нь ёсонд үл нийцэх тул Худу өөрийгөө зэмлэж, аль болох найрсгаар инээвхийлэн:
- Үг минь хөнгөдсөнийг өршөөн хэлтрүүлж хайрла. Уг санаа минь арай ч тийм биш гэдэгт та итгэвээс бидний ажил хэрэгт тустайсан гэвэл Абжай зүрхээ дарж:
- Чухам чингиж бодоод л танай хороонд ирэхээс би төвөгшөөдөггүй юмсан.
-Ах болоод бидний чин санаа адилхан, Мэргид найманы алдуурсан хувь тавилан ч бас ижил болой гэж Чулуун байдлыг зөөлрүүлэхийн үүднээс яаран тайлбарлав. Абжай толгой дохилоо. Түүний хувьд энэ бүхэн ямар ч ялгаагүй санагдана. Мэргидэд заналхийлж буй ахул Хүчүлүг ханд холбогдох учраас л тэр энд ирсэн, хэрвээ Худу бардам зангаа татаж байгаа бол илүү юм шаардах хэрэггүй гэж тэр үзлээ.
- Бардай сэцэн гэдэг хүнийг мэдэх үү, та нар гэж Абжай асуув. Ах дүүс бие биеэ харав.
- Мэдэлгүй яах вэ? Хаад мэргидийн хүн. Язгуур өндөр, эрдэм арвин гэдэг юм гэж Худу үгээ цэнэсхийн дуугарвал Чулуун:
- Тэмүүжинд дагаар орсон хүн дээ гэв..,
- Чухамдаа бол Жүчи хан хүүд олзлогдсон юм. Түүний дэргэд байсан юм даа гэж Гал тодрууллаа.
- За тэгвэл тэр хүн чинь Сүбээдэй баатрын цэрэгт байна. Жүчи хан түүнийг дагуул-зөвлөхөөр илгээсэн боловч Сүбээдэй тэр зэрэгт нь хэрэглэсэнгүй бололтой. Түүнээсээ болж муудалцаад, хүнд ял хүлээсэн тул тэр хүн оргож та нарын зүг ирж явна гэж Абжай хэллээ. Бардай сэцнийг бусдаасаа арай илүү таних Гал хүртэл энэ мэдээнд нэг их баярласангүй. Худу бүр ч баргар царайлчихаад:
- Түүнийг хүлээж авах хүсэл надад даанч алга даа гэж хилэнтэй өгүүллээ.
- Яахыгаа та нар өөрсдөө мэднэ гэж Абжай энэ бүхэн өөрт нь нэг их хамаагүй гэдгийг тодруулах мэт ноцтой хэлээд
- Харин тэр тун ядруу явааг би мэднэ. Товчхон хэлбэл зуун ташуур занчуулсны дараа хүн яаж явдаг вэ, тиймэрхүү л байдалтай ирж яваа даа.
- Тэгэхээр тэр чинь…
-Эрхэм Чулуун, таны бодсон зөв. Бардай сэцэн олны өмнө жанчигдсан. Энэ шөнө оргож гараагүй бол маргааш түүнийг цэргийн цаазаар аваачих байсан юм гэж Абжай хэллээ. Бүсгүйн хувирамтгай зөөлөн царайг Худу тун няхуур хараад:
-Тэгвэл тэр лав ганцаараа биш байх аа гэхэд Абжай:
-Сүбээдэйн тугч Шамдгай асарч яваа гэж дооглох мэт хариулав. Ноёд чимээгүй боллоо. Эргэцүүлэн бодох, шүүн хэлэлцэх зүйл зөндөө гарав бололтой. Гэвч энэ бүхнийг Хүчүлүг ханы хатны дэргэд ярилцах нь тийм ч зохимжтой бус болой. Абжай баттай мэдээ олж ирдэгийг тэр мэддэг болохоор лавлан асуух юм байсангүй тэр тусмаа энэ бүхнийг яаж мэдсэнийг асуух нь бүр илүүц юм. Абжай өөрийнхөө явдал суудлыг тэдэнд байтугай Хүчүлүгт тэр бүр хэлж, учирлаад байдаг хүн биш билээ.
- За тэр язгууртнаа тосч авна уу, тонилгож орхино уу, өөрсдөө мэд. Би өөрийн биеэр харсны хувьд муудалцсан, жанчуулсан нь үнэн гэдгийг л хэлэх гэсэн юм гээд Абжай бослоо.
- Чи одоо Хос орд өөд явах уу?
- Үгүй ээ, би танай хороонд хэд хононо. Гэхдээ үүгээр үзэгдэж төвөг удахгүй гэж Абжай шийдэмгий хэлээд:
- Миний бодоход Бардай сэцнийг түр агуулж, хэлж ярихыг нь сонсвол зүгээр байх. Түүнийг үгний үнэн магадыг надаас асуухыг хүсвэл би тэр цагт та бүхний өмнө хүрээд л ирнэ. Харин тэр хөтөч цэргийг нь цагдаарай. Тэр бол Сүбээдэйн итгэлтэй хүн. Бүсгүйг гарсаны дараа тэд хэсэг чимээгүй суулаа. Өөрийг нь хүлээж байгааг ойлгосон Худу хоолой засч:
- Энэ тухай бид сонсоогүй гэж бодьё. Харуулууд Хамаг Монголын цэргийн хүрээнээс оргосон этгээдийг барьж ирвээс тэр цагт хэлэлцсүгэй. Одоо бидэнд өөр ажил мундахгүй байна. Гал чи, өөрийн биеэр мордож, харуулын хэлхээг шалга. Тосгон сууринг эргэх цагт хүч нэм. Хос ордод элч илгээж, Хүчүлүг хааны үгийг автугай. Чулуун чамд Батуул, Далтхар хоёрыг найдьяа. өдөр шөнө, ялгалгүй цэргээ боловсруул. Хэдийд, хаанаас ч тэр байтугай бидний дотроос ч дайсан босч ирнэ гэж санаж бэлтгэгтүн гэж тушаалаа. Худу өөрөө Терликун хорооны тэргүүн шейхийг дуудаж, цэрэг дайчлах боломжийг хэлэлцэв. Шейх тун болгоомжтой бөгөөд орчин тойрноо сайн мэддэг хүн байсан тул мэргидүүдэд илэрхий туслахаас цааргалж, тэгсэн мөртөө тэднийг дайсагнуулахаас эмээн:
- Суурин ирэгдийг дайчлая гэвэл эрхбиш аж амьдралд заналхийлсэн хурц түгшүүр хэрэгтэй. Одоохондоо тийм мэдээг хэн ч зарлаагүй. Гэхдээ бид огт зүгээр суугаагүй, тариачин, гар урчуудын морь, зэвсэгийг бүртгэж, хүнд үед хичнээн хүн хаанаас гаргаж болохыг тоолж авсан. Бачим байдал тулгармагц би өөрөө удирдан мордоно. Хүчүлүг хаан тушаавал таны их цэргийн жагсаалд ч нийлэн орохоос татгалзахгүй гэжээ. Шейхийн хаяагаа манасан энэ алхмыг Худу зэмлэж чадсангүй. “Бүртгэх нэг хэрэг, байлдах гэдэг өөр шүү” гэх төдийгөөр хязгаарлав. Намбатай гэдийсхийн алхах шейхийн өргөн ууцыг Худу эгдүүцэсхийн харж хоцрохдоо Чулуун, Гал хоёрын хэн нэгэнд даалгавал энэ хөшүүн эрийг хормын дотор хөдөлгөх л болно гэж өөрийгөө тайтгаруулжээ.
Тэгэж байтал ч Абжайн сануулж хэлсэн үйл явдал өрнөөд иржээ. Морьт харуулуудын хүргэж ирсэн хоёр хүнийг Худуу хүлээж авсангүй, шууд их зээлийн гадна байдаг сэжигтнийг цагдах газарт хүргүүлжээ. Дүү нар нь байсан бол садаа хийж болох байв. Гэвч Худу үүнийг бодолцож, тэднийг урьдчилан гадагш нь илгээсэн тул энд ганцаараа үйл ажлаа явуулах боломжтой болжээ.
Бардай сэцэнд итгэх арга байсангүй. Бүр эрт Буур хээрийн байлдааны үеэр тэр хоёр зүс танилцсан төдий, хожим Дайр-Үсүн ноёныг дагаж урвасан гэж сонссон билээ. Гэтэл энэ этгээд хожим ойн иргэдийн дунд явж байсныг Гал мэднэ. Тэнд Бардай сэцэн Жүчи хан хүүд баригдсан боловч энэ газар бас л хүрээд ирсэн сэжигтэй. Түүнтэй уулзлаа гэхэд ямар ашиг гарах вэ? Эс уулзахад яаж хохирох вэ гэдгийг Худу эргэцүүлээд аль аль нь үгүй санагдсан тул энэ хэргийг шууд суурингийн шүүгч нарт шилжүүлэхээр шийдсэн нь тэр байжээ. Энэ удаад тэр дутуу бодсон байлаа. Бардай сэцэн түүний бодсоноор зээлийн гянданд, хахууль горьдсон шүүгч нарын гарт байсангүй, түүний дүү Чулуун, Гал нарын халамжинд орчихсон, яг нарийн хэлбэл шүүгч нар Галын урьдчилан захиснаар Бардай сэцнийг хөтчийн хамт цэргийн хэргийн танхимд хүргүүлсэн байв.
Худу энэ бүхнийг мэдсэнгүй, үдийнхээ зоогийг бариад Мухамед шахад явуулах захиаг тэрлэх гэж нэлээд сууж, завсар нь тэр элчээрээ хивчагийн байдлыг хэрхэн яаж заншуулахаа бодсоор үд хэвийлгэжээ. Чулуун сүрхий ноцтой царай гарган орж ирэхэд л тэр Бардай сэцнийг санав.

VIII бүлэг.
-Түүний бие тун хүнд байна.
- Хэн?
- Бардай сэцэн.
- Шүүгч нар хэлэв үү?
- Тэгсэн. Бид үзээд, анхаарахаас аргагүй гэж бодов.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Бардай сэцнийг цэргийн асрах гэрт авчруулсан.
- Хм.. Гал өөрөө сувилж байна уу?
- Ах бүү хилэгнэ. өөрийн нүдээр харсан бол та ч түүнийг эмчлүүлэх байсан.
- Тэгвэл Бардай надтай уулзана гэж зүтгэж байгаа биз.
- Огт үгүй. Харин ч бидэнтэй үг ярихаас төвөгшөөх байдалтай.
- Хэрвээ бидэнд нэмэр болохгүй юм бол наашаа юунд ирээ вэ? Тэр?
- Үүнийг л та өөрөөс нь асуумаар байна. Эс тэгвэл нэг хүний амь талаар үрэгдэж мэдэх нь. Худу тээнэгэлзэнгүй толгой сэгсрэв. Сүбээдэйн сэжигтэй байдал багадсан юм шиг энэ Бардай бас хүрээд ирдэг нь юу вэ?
- Хөтчийг яасан бэ? Гэж тэр асуув.
- Түүнийг тусад нь харгалзаж байгаа гэж Чулуун хариулав. Худу нөмгөлсөн дээлээ ханцуйлаад бослоо. Асрах гэрт Гал ганцаар байлаа. Хоёр ахыгаа орж ирэхэд тэр урамгүйхэн:
- Шарх нь идээлчихэжээ. Эмч нар угаана гээд аваад явлаа гэсээр угтав. Худу хэдий эргэлзэж байсан ч дүү нарынхаа энэ мэт арга байдалд арга буюу автагдаж, үнэхээр тэр хүнээс үг олж сонсох нь илүүдэхгүй гэж бодлоо. Гэвч:
- Бардай сэцэн Чингисийн нөмөрт арваад жил болсоныг бид мартаж болохгүй. Үүний дээр урианханы Сүбээдэйд ямар ч ухаан төрж болно.
- Үүнийг бид бодсон. Бардай сэцний жанчуулсан шарх аминд нь даанч ойрхон юм. Хэрэв арга байгаа бол тэр сүрхий тусархүү “үнэнч” хөтчид л анхаармаар гэж Гал түс тас хариуллаа. Төдөлгүй эсгий дээр түрүүлэг нь харуулан хэвтүүлсэн Бардай сэцнийг хэдэн цэрэг дамжлан оруулж ирлээ. өргөн дал, мөрийг нь зайгүй хэрсэн ташуурын гүн шарх нэлдээ улайж, булчин руугаа түрж хавдсан биеийг нь үзээд Худугийн дотор хирдхийлээ. Бардай сэцэн, Худуг үзээд тохой дээрээ өндийх гэж оролдов.
- Байг, байг. Ингээд ярилцая гэж Худу эеврүүхэн дуугарчихав. Бардай улайж өрөвссөн зовхио өргөж, түүнийг тогтуун хараад:
- Би та нарт нэмэр болох хүн биш ээ. Гагцхүү тэр бардам дээрэнгүй урианханы гарт үхсэнээс угсаа нэгт та нарынхаа өмнө ялаа хүлээгээд нөгцөе гэж ирлээ гэж хэлэв.
- Одоо энэ тухай ярих цаг биш. Бид таныг эмчилнэ. Та эдгэрэх болно гэж Худу түүнийг хориглоод:
- Гал чи өөрийн биеэр энэ хүнийг харгалз. Нутгийн сайн эмч нарыг эрж ол гэж тушаалаа. Бардай сэцэн талархсанаа илэрхийлж гараа өргөн ёслоод.
- Бас хөтчийг минь надад өгч үз гэж гуйлаа. Худу дүү нар луугаа гайхан харахад Бардай гараас нь шүүрч аваад:
- Би таныг ойлгож байна. Тэр бол Сүбээдэйн итгэлтэй тугч цэрэг мөн. Тэр тусмаа сайн. Хэрвээ тэр үнэхээр заншлаач болж намайг дагаж ирсэн бол би та бүхэнд өчүүхэн тус хүргэж ч магадгүй. Тэр надад ойрхон байвал сайнсан гэжээ. Худу зөвшөөрлөө. Эцсийн эцэст энэ хоёр хүн тэдний хараанаас хаашаа ч зайлахгүй болой.
Ийнхүү Шамдгай суллагдлаа. Бүх юм санаснаар болж байх мэт боловч цаг өнгөрч өгөхгүй нь зовлонтой. Бас үүний дээр уг хүрээнд байснаасаа Бардай нэн өөр болж, түүний алхах гишгэх болгоныг өөлж цагдах нь нэмэгджээ. Харин шархаа эмчлүүлэхийн хувьд үлгэр авмаар дуулгавартай өвчтөн ажгуу. Энэ хооронд Бардай сэцэн Галтай хоёр удаа уулзаж, цөөхөн хором цуг суусныг эс тооцвол тэр “баатар эр” мэргидийн тэргүүн ноёнд шадарлах гэж хичээсэн ч үгүй, тэр байтугай анх яриад байснаараа Худу, Чулуун нарыг зоригжуулан Сүбээдэйг довтолж, хар тугийг нь газар шаах тухай ер санаа тавьсангүй. Үүнд Шамдгай ихэд санаа зовинож, Сүбээдэй баатрын өмнө хүлээсэн үүрэг нь хөсөрдөх вий гэж үнэн голоосоо айж эхлэв. Гуравдах өдрийн өглөө болж, эзнийхээ унд зоогийг өргөчихөөд Сүбээдэй баатрын элчтэй уулзахаар бэлтгэлээ. Эрхбиш дайсныхаа цэргийн хүрээнд суусан юм болохоор аар саар зүйл сонсч чаджээ. Тэр бүхнийгэээ үнэн магадыг боломжийн хэрээр харьцуулан тунгааснаар дараах мэт байдал тодорлоо.
Худу нарт шилмэл цэрэг нэг түм, хоёр мянга, үүний дотор мэргидийн зургаан мянга, найман, ойн иргэд, хатгин, салжиуд, жадаран, хэрээд нийлсэн зургаан мянган хүн байлаа. Хэрэв Сүбээдэй энэ хот руу довтолбоос нутгийнхан бас нэг түмэн цэрэг гаргахад бэлэн ажээ. Хотон, хавчиг хаад ба Хүчүлүг хан бачим цаг тулгарвал өрнө, өмнөөс хавчин байлдах үүргийг амаар хүлээсэн нь мэдэгдэв. Энэ гэрээг сүүлийн гурав хоногт олон элч довтолгож бататгахыг Шамдгай олж мэджээ.
Мэргидийн харуул Сүбээдэйн цэргийн дөрвөн зүг, найман зовхист завсарлагагүй халалцан сууж байгаа аж. Давын өмнө энэ бүхнийг хэлж илгээхэд гайгүй санагдавч хамгийн гол зүйл болох мэргидүүдийг өөрсөд рүүгээ довтлуулах талаар ямар ч сайн алхам байхгүйд Шамдгай гонсгор байлаа. Морин цаг дөхөх үед Бардай түүнийг дуудаж:
-Бие одоо тэнхэрлээ, өнөө орой эрхэм ноёдыг урьж өчүүхэн цай барьсугай. Чи одож сайн архи, тарган мах, амтат жимс олж ир гээд нэгэн хавтага зоос өгөв. Яаж гэрээс гарьяа даа хэмээн санааширч суусан Шамдгайд энэ алба тэнгэрийн хишиг мэт таатай санагдаж золтой л “гялайлаа, эзэн минь” гэж хэлчихсэнгүй, мөнгийг тосч аваад эзнээ санамсаргүй харвал үл мэдэг аньсхийсэн нүдэнд нь хоржоонтой инээмсэглэл нуугдах шиг санагдахад дотор нь пал хийгээд “шинэ цэрэг аятай хөгөллөө, балчир байна даа” гэж өөрийгөө голов.
Сүбээдэй баатрын заасан дарсны газрыг Шамдгай анхныхаа өдрийн орой л олоод авчээ. Хожим энд ирэхээ бодолцон ойрхи хоёр өдөрт зав л гарвал гүйж ирдэг тул дарсны газрын эзэн туркмен эр түүнийг овоо нүдэлсэн байв. Шамдгай хөлсөнд гар үл татах бөгөөд өөрийгөө умраас сая ирсэн гэдгээ нуугаагүй тул түүнийг сониуч хийгээд амттанд дурлах занг үүгээр сэлгүүцэх мэргид ч, нутгийнхан ч ойлгож, туркмен эр тэгэх тусмаа алим, гадилыг амандаа орсон үнээр түүнд санаа амар гулгуулдаг байлаа. Шамдгай зээлээр явж эрсэн зүйлээ олж авмагц, дарсны газар өөд яарав. Тэнд аанай л хүн дүүрэн, дотогш орж өөрийн суух дуртай тавцант асарт гарлаа.
- Дөрвөдийн зоригт дайчин, үдийн халуунд жүржийн шүүс сайн шүү гэсээр дарс зөөгч залуу дөхөж ирэхэд Шамдгай инээд алдаж:
- Аахилуун шүүс бэлэн бол авгайд нь зоос бэлэн гээд түнтгэр баадангаа алгадав. Дарс зөөгч найрсгаар бөхөлзөөд явлаа.
Шамдгай асарт байгаа хүмүүсийг амаа ангайж алмайран сонирхоно. Аргагүй л хөл үймээнгүй, хээр талын хөвгүүн мэт содон байлаа. Баадангаа тайлж, ширээн дээр хээгүйхэн дэлгээд цутгамал зэс зоос, давтмал мөнгөн зооснууд сүртэй тоолохдоо юм үзээгүй хөдөөгийн чинээлэг эрийн дүрийг чадамгай гаргасан тул ойролцоох ширээнд суусан эрс түүнийг нүд буландан нэг л ажмагц үл тоомсорлон буруу харцгаана.
- Жа, зооглогтун гэсээр дарс зөөгч түүнд мөнгөн цартай цом өргөлөө. Шамдгай амсаж үзсэнээ ярвайж:
- Ийм их чихэртэй усаар би яанам. Нөгөө хүйтэн дарснаасаа авчир гэж буцаалаа.
- Энэ бол хамгийн тансаг шүүс. Баян хүнд л олдоно шүү гэж дарс зөөгчийг учирлахад Шамдгай тэнэгдүү царайгаар маасайн инээж:
- Тэгвэл орхичих. Би сүүлд ууна. Одоо бол хүйтэн дарс хэрэгтэй гэв. Холгүй ширээнүүдийн дундуур үсээ задгайлж, явуу, сувс зэс зоос хангир янгир дүүжилсэн илбэч эм сүлжиж, энэ тэр хүнийг шалгаан мэргэлж өгөх гэж оролдоно. Түүнийг ирэх болгонд энэ эм энд байдгыг үзсэн тул Шамдгай сонирхсон ч үгүй. Тэр ч байтугай өчигдөр дэргэд нь ирж суугаад алгыг нь шинжиж, дотор зарсхиймээр зүйлийг ярьж айлгасаар том мөнгөн зоос салгачихсан билээ. Одоо л битгий ирж үзээсэй гэж Шамдгай залбиран аль болох ширүүн дүр гарган суув. Хөөрхий тэр эм ч бас олз салгасан хүнээ дахин дахин ороодоггүй бололтой, түүнийг харсан боловч дэргэдүүр нь өнгөрөөд ойртохгүй байсан нь таатай.
Төдөлгүй бага шиг вааран гүцээр нэг дарс авчруулаад Шамдгай энгэрээ задгайлан тухлав. Дарсны зууш болгож сонгосон ялз чанасан үхрийн хэл тагнайд тос хуруулан хайлаад, араас нь гүйлсний цэв хүйтэн дарсаар даруулахад ходоод баясан дуулна.
Түүний хүлээсэн хүн алга л байлаа. Хүмүүс баахан сийрч, илбэч эм нозоорсон бололтой, тэртээ буланд өвдгөө тэврэн суугаад зүүрмэглэх аятай дунхалзана. Хичнээн аажим шимсэн ч дарс дуусах дөхөж, гэдэс нь эвгүй цэрийгээд нэмж захихад төвөгтэй боллоо. Сэтгэл түгшсэн Шамдгай босох гэтэл тод улаан нөмрөгтэй идэрхэн эр орж ирээд сүлжмэл сандал дээр ханхайн сууж дарс зөөгчийн зүг дохиж:
- Алив сайн дарс, муу зууштай авчир гэж бархирлаа. Тэмдэг үг.. Шамдгайн ухаан цэлмэж, түрүүн зоос гаргахдаа цуг гаргаж, базсаар байсан хуйлаастай саариа атгаж өндийв. Одоо түүний дэргэд очих хэрэгтэй. Түүнийг ойртож ирэхэд улаан нөмрөгт жишим ч үгүй ханхайна. Сулхан суран агсарганаас сүүлттэй саран зэв гялсхийхэд Шамдгайн зүрх баярласан, түгшсэндээ оволзтол цохилж эхэлжээ. Дарс зөөгчөөр далимдуулбал зохих юм. Сандалд саатсан болж жаахан хүлээтэл дарс зөөгч ч улаан нөмрөгт дээр хүрээд очлоо.
Одоо цаг нь болов. Дарс зөөгчид мөнгөө өгөх зуур саран зэвийг нь шохоорхон барьж үзэхэд хэн намайг зэмлэх билээ. Хэрэв зэвэнд үзэм наалдсан бол… хошин үг, /хариу нууц үгээ/ шидчихээд саариа өвөр дээр нь унагаж амжина. Тэгээд л гарч одно.
Иймэрхүү нууц үйлийг нэг бус удаа хийсэн ч дасаж зүгширхэд хэцүү. Тухай бүрд өөр нөхцөл, цоо шинэ хүмүүс байдаг. Аюул осол нь ангид ч өмнөө байдаг. Байз. Нөгөө илбэч жартгай нүдэлчихээд бас наашаа дөхөж байна. Энэ нүд нэг жигтэй. Түүнд гашуудах мэт зэвүүн гялалзах нь танил мэт.
Шамдгай ширээнд илбэч эмээс түрүүлж очоод дарс зөөгчид мөнгөө өгсөн боловч саран зэвийг сонирхож амжсангүй. өөрийн эрхгүй зогтусав. Тун яаруу дөхөж явсан илбэч эмийг хэн нэг нь түлхэн өнхрүүлэх шиг болоход цочин харвал цаанаас нь Бардай сэцний хөмхий зуусан догшин царай тодроод ирэх нь тэр.
.

1 comment:

Anonymous said...

Ene uneheer sonirholtoi zohiol yumaa. hurdhan shig daraagiin bulgiig ni unshmaar bn.