2007/11/23

Саран Зэв - Үргэлжлэл

Зохиолч Т.МАНДИР

dayarmongol.com вэб хуудаснаас авав.


III Бүлэг

Насир баатар нэгэн мөчийн дотор хамаг юмаа бэлтгээд хүрээний хаалгаар баргархан царайлсаар довтолгон гарч байх үед Сүбээдэй жанжны цачирт нэгэн дайчин түүнийхээс ч илүү хачин тушаал сонсоод мэл гайхан цэл хөхөрч авай. Тэр бол урианханы өмөгт багтсан тугч цэрэг, дөрвөд овгийн Шамдгай хэмээх хорин нэгэн настай, залуу хөвүүн байлаа. Шамдгай нас хэдий бага ч Цавчаал боомтоор нэвтэрч, Жүндүд хүрч үзсэн, элсэн цөлийг туулан Тангутын Цал хотыг довтолж амжсан хашир байлдагч ажгуу. Тийм ч учраас тэрээр хачин тушаалийнх нь учир улбааг эзэн жанжнаасаа асууж, хэд гурван үг сольчих эрхтэй байлаа.

- Өөр хэн нэгэнд бус, тэр мэргэдийн өчүүхэн дайвар эрд хөтөч болох гэж үү хэмээн Шамдгай ихэд ондууцсанаа үл нуун өгүүлнэ. Хилэгнээд чанга тушаал буулгачихад Сүбээдэйд амархан байв. Гэвч энэ бол дайрах, довтлох цэргийн ердийн үйл бус, тушаалыг нарийн ухсан хүн л сая гүйцэлдүүлж яадах ярвигтай алба байсан болохоор баатар, хайртай шадар цэргийнхээ бухимдахыг тэчин өнгөрүүлж, уламч тайвнаар:

- Түүнийг тэгэж хөнгөнөөр нэрлэж үл болно. Би урваж магадгүй гэж сэжиглэж байгаа мөртлөө тэгэж хэлж чадахгүй байгааг бодогтун. Ямар боловч түүний дэргэд миний нүд чих байх хэрэгтэй гэж учирлав.

- Хорчин Бумдай, хишигтэний Булгадар гээд гар чанга, чих урт эрс танд байх шүү дээ гэж энэхүү нэр нүүр муутай болж ирээд эцэс нь үл мэдэгдэх унжгар албанаас аль болох сугарахыг хичээсэн Шамдгай шаргуу мэтгэв.

- Тэд үнэхээр ямар ч тушаалаас буцахгүй жинхэнэ дайчид мөн гэж Сүбээдэй, Шамдгайг яльгүй дайрсхийн өгүүлээд:

- Гэхдээ тэдний хэн нь ч чам шиг зүсээ буруулан жүрчиний ч юм уу, найманы цэргийн хүрээнд нэвтэрч үзээгүй хүмүүс шүү дээ гэв. Хэрэг нэлээд ноцтой болж байгааг ойлгосон Шамдгай цаашид маргахаа больсон нь дээр гэж үзлээ.

- Болтугай, эзэнтэн минь. Таны үгийг дагая. Одоо надад дэлгэрүүлэн хэлж айлд. Би тэр мэргэдийн үртэст тал засч, номхон морины нь ногт болж чадна. Гагцхүү цаашид хэрхэхийг үл мэднэм гэж өчихэд, Сүбээдэй баатар сэтгэл уужирсан бололтой инээмсэглэв.

-Чи нэгэнт тушаалыг хүлээж авсан бол энэ бүх үйлс сайнаар дуусна гэдгийг би чамд амлая. Харин дайвар, үртэс гэсэн санаагаа цээжнийхээ цаана аль болох лав нууж үз. Ер санаа гэгч нүдний харцанд илрэх тул баахан сэрэмжилбээс сайн. Тэр бол ямар нэгэн өчүүхэн эр бус, Жүчи хан хүү өөрөө илгээсэн мэргидийн язгуурт хүмүүн Бардай сэцэн гэдгийг бүү умарт. Чи түүнд даруй шадарлан ойртоод, түүний бүхий л санаа бодлыг дэмжин өрнүүл. Нэн ялангуяа тэр хүн, надад муу санаж, манай цэргийн хүрээг орхин овог нэгтэн өөдөө оргон зайлсугай хэмээвээс түүнээс эрхэм тус үгүй. Чи машид дэмжин хамтаар дагаж одвоос зохино.

- Иймэрхүү үйлэнд намайг хэрэглэх гэсэн эзэн таны санааг би сайтар ухлаа. Гагцхүү бодвоос Жүчи хан хүүгийн итгэсэн хүн ав авсаар оргож одно гэдэг хаашаа л бол!?

- Түүнд тийм санаа байхгүй байж болно. Гэвч төрүүлээд өгч болох вий гэж Сүбээдэй шазуур зуун хэлэхэд шамдгай дотроо гайхав. Барагтай бол ингэж илэрхий хилэгнэдэггүй хүн ийнхүү тэчьяадаж байгааг бодоход нэг бол маны ажил үйлс тун дор орсон хэрэг, эсвэр тэр Бардай сэцэн үнэхээр Сзбээдэй баатрын нүдэнд орсон хог мэт торж байгаа болж таарна. Энэ завсар Бардай сэцний юу хийж байгааг тандахаар явсан хорчин орж ирэв. Бардай сэцэн асартаа зуутын хэдэн ноёдыг цуглуулж, урагшлахгүй байгаагийн учрыг баатар танаас заавал асуух хэрэгтэй гэж ятгаж байна. Бас өөрийгөө дорд үзэгдэв, өдий болтол хөтөчгүй явна хэмээн гомдоллоно гэсэн хорчийн үгийг сонсоод Сүбээдэй Шамдгай өөд толгой дохиж:

- Үүнээс илүү завшаан олдохгүй. Одоо очиж, түүний хөтөчөөр ирж байгаагаа мэдэгд. Алба зэргээ нуух хэрэггүй. Би түүнийг хүндэлж, тугчаа өгч байгааг ойлгог гэжээ. Шамдгай ёслоод эргэхэд Сүбээдэй дуудан зогсоогоод:

- Яаж мэдэх вэ, хойшдын хэрэг тун хурдан өрнөж болзошгүй. Чи надтай дахин уулзах цаг заавал гаргах хэрэгтэй гэж захилаа. Бага үд болж цэргийн хүрээнд намуухан байв. Чингис хааны анх захисан ёсоор энэ урт аялалын турш морьдоо гамнаж, ан ав, аян буудлаа яв цав зохицуулсан учраас хүн морьд зовж зүдэрсэн нь тун бага. Эзэн жанжны өргөөнд болж буй явдал цэрэг байтугай зуут, мянганы ноёдод үл мэдэгдэх тул энэ хир хүрээ буудал намбатай дүнсийж, уулын урт ногоон хөндийд худалдаачдын томоохон жин амсхийж байгаа мэт амгалан тайван амой. Баатрын асрын ард хөсөг замын цэрэг бөөгнөж, өргөөг нь барьж байлаа. Саяхан авсан тушаалаа бодоод үүнийг эргэцүүлбээс их цэрэг эндээ хэд хоног тухлана гэж үзэхэд эндүүрээгүй аж хэмээн Шамдгай бодсоор явах цэргийн хар сүлд, Сүбээдэй баатрын ахар тугийг нар зөв нэгэнтээ тойрч, ажил үйлсээ даатган шившээд зориг шулуудан Бардай сэцний асрын зүг алхлаа. Алтайн дөнгөж араас энэ цэрэгт нийлсэн Бардай сэцэн танил цөөнтэй тул ноёдыг татахын тулд үе үе хийдэг дайллагынхаа нэгийг л эхэлчихээд байв.

- Би түүний сайныг нүдээр эс үзлээ. Ямар боловч энэ Хөвөө голын чийгт хөрсөнд бүтэн хагас өдөр ноaрмоглож өнжихийг нь үзвэл эзнийхээ зарлигийг хугалж, нугалж ч чадах эр мэт санагдана гэж Бардай сэцэн өндөр дуугаар өгүүлэв.

- Чи үнэхээр сайн дарстай юм гэж балтгар биетэй зуутан тамшаалан хэлээд залирхуу мишээж:

- Харин амыг чинь эс мэдлээ. Бүтэн цаг Сүбээдэйг муулав. Жүчи хан хүү илгээсэн гэдгийг чинь эс бодолцвоос эрхгүй сэжиглэмээр хүн ажгуу гэхэд зузаан эсгий тохиолдон өндөр шилбэтэй цомыг гартаа эргэлдүүлэн сонирхож суусан өвгөжөөр зуутан:

- Ярих гэдэг ч хийх биш. Юу нь хортой байх вэ. Сонсож суухад ёр хоромж үгүй гээд зориуд тэгнэ үү гэлтэй сүртэй эвшээв. Бардай сэцэн хөмсөг зангидан хариу хэлье гэтэл асрын үүд зөөлөн сөхөгдөж, гоолиг нуруутай цэргийн эр орж ирлээ. Таруухан өргөн хөмсгөн доороос нь хонин бор нүд дөлгөөхөн гэрэлтсэн, сэвхтэй хүрэн царайтай, шантгардуу богино хамартай тэр залуу цэрэг, ноёдыг нэгэнтээ тойруулан харснаа Бардай сэцний өмнө очиж, өрөөсөн өвдгөөрөө сөхрөн ёслоод:

- Би дүрвэдийн Шамдгай бөлгөө. Сүбээдэй баатар намайг танд тушаалаа. Сэцэн та намайг дороо багтаах аваас илдийг тань арчиж, эмээлийг тань зассугаай. Олсныг тань ууталж, ороолсоныг тань барьж өгсүгэй. Таалж соёрх хэмээн өчив. Бардай сэцэн түүнийг тоомжиргүй ширвээд, ноёдын зүг хандаж:

-Өчүүхэн намайг гийгүүлэн морилсонд талархаж, энэ хундагаар сэтгэлээ илтгэнэ хэмээсэнд ноёд хариу талархан цомоо хоослоод цуван гарцгаалаа. Тэд гарч, нэлээд холдсоноо балтгар зуутан Бардайн асрын зүг эргэж хараад нөгөө хоёртоо:

-Энэ өдрийн явдлыг та хоёр юу гэж бодно вэ? Бид тус тусын цэргийн буудал руу одох нь зөв үү? Эсвэл хамтаар Сүбээдэй баатарт бараалхах нь зөв үү? гэвэл эвшээгээд байсан өвгөжөөр эр:

-Бид ямар хэлмэрч заншлаач биш, үг зөөх нь ёс бус. Биднийг ярилцаж байхад асрын гадаа хоёр ч удаа хүн ойртож ирэхийг би мэдсэн. Хорчин хэвтүүлүүд л чагнаж явсанаас зайлахгүй. Бид хэлэлцсэн бус, тэр л ярьж байсныг эзэн ялгаж салгахаа андахгүй. Тэгээд ч бас ийм хэргийг даадаг дотоод үйлийн чэрби нар бий шүү дээ гэжээ.

- Бардай сэцний үг, санаа хоёр нийлэх, эсэхийг бид батлан хэлж мэдэхгүй. Сая үзвэл Сүбээдэй баатар түүнд хайртай тугчаа хөтөч болгон илгээжээ. Иймэрхүү нууц далд, үл таагдах үйлэнд бид гурав лав илүүдэнэ. Энэ хүн бол мэргидийн Худу, Чулуун нарын барааг тандахаар Сүбээдэйн цэргийн манлайд гарч, энэ газарт хамгийн түрүүнд ирсэн нөгөө Аругчи ноён байв. Бүгд Аругчийн үгийн зөвшөөрч, тус тусын зуут руугаа одлоо. Энэ зуур Бардай сэцэн Шамдгайг хэд гурван үгээр тэнсэн асуугаад хөтөч болохыг даруй зөвшөөрөв.

- Дөрвөд минь, одоо чиний тугч байсны гавьяа ер хамаагүй болов. Учир иймд эхлээд миний байлдааны хуяг, зэвсгийг гарган, өнгөлж арчигтун. Энэ уулихай урианхайг дагаж, жингийн нохой мэт аахилсаар сэлэм минь ч зэврэх шиг боллоо. Би бор дарсанд яльгүй хөлчүүрхэв. Одоо унтсугай. Үдийн хоол болгоод дуудаарай гэж Бардай сэцэн тушаагаад эмээлээ татан хайш яйш дэрлэмэгч үнэхээр дорхиноо хурхираад өгчээ. Шамдгай уртаар санаа алдсанаа агсаргаа тайлан асрын тулаасан дахь гохноос өлгөөд шинэ албандаа шамдан оров. Бардай сэцэн үнэхээр язгууртан нэрэндээ дүйх эдлэл хэрэглэдэг хүн бололтой. Хоёр хуяг байсны нэг нь жинхэнэ ган хуяг байв. Далавч болгоныг мөнгөн утсаар товьлосон тэр хуягыг ямар ч ихэс зүүлээ гэсэн гундахааргүй эд юм. Нөгөө нь тос нэвчүүлж, зүйсэн хөнгөн хулсан хуяг. Энэ эд галд л их аюултай, холын буюу гэнэтийн осолтой аянд өмсөхөд хөнгөн сайн эд билээ. Нэрээ өргөхийн тулд эл хоёр хуягыг эрхбиш тохирох аргаар нь цэвэрлэх ёстой байлаа. Шамдгай ачаа руугаа яарав. Одоо нэгэнт энэ хүнтэй хэсэг хугацаанд хувь заяагаа нэгтгэх ёстой болсон учир хөсөгт байсан товирхон хүнс, боодол, сум, зэвээ багцлан авч буцлаа. Ингэж новширч явахдаа тэрбээр хүрээний байдал нэг л өөрчлөгдсөн мэт санагдсанд гайхсандаа зогтуслаа. Эхлээд юу ч мэдэгсдэнгүй. Гялбалзсан тоногтой, хүдэр төмөр тэрэг угсраатай хэвээрээ наранд гялбалзаж, аравт, зуутаараа тиг даран ялгарсан асар майхнууд сүртэй дүнхийлцэж, зуут мянгатын туг хиур дэрвэлзэн, сэрвэлзэнэ. Хөл хөдөлгөөн ихдээ юу? Үдийн зоог бэлтгэх цаг болохоор ийм ч байлгүй яахав. Байз? Шамдгай сая л учрыг ухлаа. Түүнээс холгүй майхны өмнө урт эрээн дээлтэй чалма ороосон өвгөн зогсоод ийш тийшээ тун ч найрсаг мэхэлзэх зуур цагаан бүтээлэгтэй сагснаас багц багцаар усан үзэм гарган баруун солгойгүй арилжиж байгаа харагдана. Нэг л биш дээ гэж бодсон Шамдгай, Бардай сэцний асарт эгэж ирвэл эзэн нь унтсаар л байлаа. Ширүүн хөх цэмбээр давтмал хуягыг зүлгэж, шар тосонд дүрсэн зөөлөн бөсөөр хулсан хуягыг нь арчив. Бас хоёр дуулга байсныг гаргаж хөнгөхөн шиг зүлгэлээ. Нэг нь улаан мяндсан соновтортой, нөгөө нь жинхэнэ төв отгын дархчуулын хийцтэй алтан шармал дуулга бөгөөд Сүбээдэй баатрынхаас гоёмсог дэлээр л дутуу ажээ. Энэ зуураа бас богинохон цавчиж хатаасан харганаасаа авч яг хорин нэгийг зэрэглэн асааж, цай чанаад, хуурай сүүгээр сүлж хөөсөртөл самран, бяцхан зэс домбонд юүлээд, цогоо тарааж, дээр нь жигнэж орхив. Чингээд эзнээ сэрээлээ.Бардай босонгуутаа хуяг дуулгаа үзэж, сэтгэл нь ханасан бололтой амандаа нэг юм гөвтнөчихөөд /арай найрсаг ч байсан байж магадгүй, гэвч Шамдгай дурамжхан байсныг бид мартаж болохгүй/ асрын хаяанаас том илгэн богц чирч гарган дэлгэхийг үзвэл аяганы хийц байлаа. Тос даасан хурууд, зузаан өрөм, ээзгийг Шамдгайн аяганд дүүргэж өгөөд, өөрөө харин зүсэм бяслаг төдийгөөр хязгаарлав.

-Та усан үзэмд дуртай юу гэж Шамдгай хөтчийн дүр гаргах гэж их л хичээн асуувал Бардай сэлэм шиг матигар хөмсгөө огцом татвалзуулан:

-Юу? Чи арай мусульман тосгоноор хэсээд ирсэн юм биш биз гэж сэрдэнгүй бадчив.

- Үгүй, үгүй, Яалаа гэж чингэх вэ? Усан үзмийг энд, энэ хүрээн дотор л зарж байна шүү гэж энэ удаа Шамдгай дүрдээ нэлээд орж, зусардангүй харилав.

-Түй, бид удахгүй илдээ орхиод сагс дамнаж гүйх байлгүй гэж Бардай сэцэн тун хилэнтэй дуугараад цайгаа сүртэй оочив. Энэ үеэр асрын өмнүүр бөөн цэрэг морьд тачигнан өнгөрлөө.

-Бас юу ирэв? Арай Худу өөрөө архи зарах гээд ирсэн юм биш биз. Үзээд ир гэж Бардайг хэлэхэд Шамдгай яаран гарлаа. Төдөлгүй эргэж ирээд:

-Архи нь ч архи юм аа. Гэхдээ Худу биш хэлмэрч, сири хүн олж ирж. Магадлавал эзэн өөрөө түүнийг илгээсэн бололтой гэж айлтгалаа. Энэ удаа Бардай сэцэн тэвчсэнгүй бололтой босч дээлээ өмсөөд бүсээ бүслэв.

- Иймэрхүү байдлыг хараад нүд анин өнгөрөөж яавч болохгүй. Би Сүбээдэйтэй уулзана. Тэр үнэхээр ингэж.. гээд Бардай үгээ дутуу орхив. Иймэрхүү үед л улам дэврээх ёстой гэдгээ санасан Шамдгай:

- Тэгэлгүй яах вэ, эзэн минь. Хаан Чингисийн зарлигийг Сүбээдэй нугаллаа гэхэд ханхүүгийн итгэлийг та эвдэж болохгүй гэчихлээ. Бардай түүнийг нэг том харснаа:

- Чи хаашаа ч хөдөлж болохгүй шүү. Хэрэг мандахад надад хэл ул болох ч хэрэг гарч мэднэ гээд асрын үүдийг омогтой шидэн гарч одлоо. Шамдгай зүүн дээр суусан шиг тогтож ядан цаг нөгцөөж байтал танил хорчин яаран гүйж ирээд:

- Шамдгай минь шамдаарай. Шинэ эзэн чинь ялд унаж, ясанд хахлаа. Сүбээдэй баатрын өргөөний өмнө оч. Харин баатарт л үзэгдэв. Хамт турсагаа хуулуулна шүү гэснийг сонсоод, айх, баярлахын алиныг ч мэдэхгүй боллоо.

4 comments:

Мика /美香/ said...

Энэ цуврал бичлэг чинь их таалагдлаа.
http://mikarito.blogspot.com/2007/11/2007-11-19-26-10.html орно уу

Мика /美香/ said...

Сайн уу. Зохиолчоос нь ирсэн хүсэлтийн дагуу өөрчлөлт хийсэн нь энэ.

Энд Саран Зэв гээд их сайхан түүхэн туужыг хэсэг хэсгээс таслан оруулж байгаа юм байна лээ. Жич: Энэхүү зохиолыг зохиолч, зураач Т.Мандир гуай бичсэн юм байна (Зохиогч нь блогчин Намуухайг энэхүү зохиолыг хаанаас авч байгаагаа хэлэхийг хүссэн байна. Мика ).Эхнээс нь авхуулаад нэг уншаад үзвэл зүгээр шүү..

Anonymous said...

[b]Зимняя олимпиада пройдет в Сочи. Летняя - в Воркуте. [/b]
Сословие Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила примем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Контроль над сексом: тонус внутренних мышц [/url]" - Канечно вы можете встретить и ради себя бездну интерестного
Ну а впрочем лучшее противоядие через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/8a602c9644083b9f55bb147e497508dc.jpg[/IMG][/url]

Anonymous said...

Предстовляю вам в пользование сайт интим знакомст В данный момент самое просматриваемое эро-видео Царство снежной королевы Без рекламы, без тормозов, без смс! Ведь в себе держать сексуальную энергию не вкоем случае нельзя. Даже если вы живете не одни (одна) это хороший повод узнать что то новое и попробовать самим. А если вы одна (одни) в этом случае вашей фонтазии нет предела!
От Интим знакомства www.SEEXi.NET